Бусдын биеийг үнэлүүлж, худалдаалсан этгээдэд ял оноолоо
Бусдын биеийг үнэлүүлж, худалдаалсан этгээд өнөөдөр шүүхээс ял сонслоо. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцсэн байна.
Энэ тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар дараах мэдээллийг гаргажээ. Тус мэдээлэлд "С.Мягмарсүрэнг бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор, хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулж хоёр буюу түүнээс олон хүнийг байнга тогтвортой бусдад худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 12 жилийн хорих ялаар шийтгэсэн" гэжээ.
Дашрамд дуулгахад, шүүхээс ял сонссон шүүгдэгч нь эмэгтэй хүн байсан гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна. Түүнчлэн хохирогчдын дунд насанд хүрээгүй хүүхэд хүртэл байсан аж.