УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэгт гурван шинжээч, хоёр цагдаа холбогдон шалгагдаж байна
Өнгөрсөн есдүгээр сард Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас хамтарсан ажлын хэрэг гарч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажилласан байдаг. Улмаар иргэдийн мэдээллийн дагуу тус газрын сэжиг бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн билээ. Шүүхийн асуудлыг хэлэлцээд, тус хүрээлэнгийн шинжээчдийг 30 хоног саатуулахаар болсон юм.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэрэгт таван хүн холбогдон шалгагдаж буй. Тодруулбал, прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах шалгах санал гаргасан байдаг.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулахаар болсон бол ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг (нэг нь жирэмсэн) тавьсан. Хэрэгт холбогдогсод нь ШШҮХ-ийн Бичиг судлалын лабораторийн шинжээчид юм.
Тэдгээр шинжээчдийг УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэрэг хийснийг батлах гол баримт болох ор хөнжлийн даавуу, хохирогчийн дотуур хувцсыг угааж, хэргийн ул мөрийг балласан гэх хэрэгт буруутгаж буй мэдээлэл бий. Энэхүү мэдээллийг ч тус газрын шинжээч О.Даваасүрэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Мөн энэ хэрэгт цагдаагийн хоёр албан хаагч холбогджээ.
ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир болон Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.А нарыг Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь алт, мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч хятадуудаас хахууль авсан хэрэгт холбоотой байж болзошгүйг тогтоохоор шалгаж байгаа мэдээллийг эх сурвалж өгч буй юм.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь, урьдчилсан байдлаар 400 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй нь тогтоогдсон алт, мөнгөний ордын тусгай зөвшөөрөл буюу лицензийг хятад иргэн хөрөнгө оруулагч хятадтайгаа үл ойлголцон, нэгнээ залилсан хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байдаг. “Заргалдагч” тал нь “Хуурамч гарын үсэг зурсан” хэмээн хариу гомдол мэдүүлснээр энэ хэрэг АТГ болон цагдаагийн анхааралд өртсөн байдаг.
АТГ, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг байгуулан Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь тусгай зөвшөөрлийг булаацалдсан хятадуудын маргаантай хэрэгт шинжээчээр оролцсон шинжээч эмч, хэргийг шалгаж байсан цагдаа нарыг шалгах нь зүйтэй гэж үзжээ. Энэ хэрэгт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарын нэр холбогджээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “ШШҮХ-гийн шинжээчид худал дүгнэлт санаатай гаргасан хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагад шалгуулж байсан. Үүнд авлига, хээл хахуулийн шинжтэй зүйл тогтоогдсон учраас цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж эхэлсэн” хэмээн мэдээлсэн блээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг хорьж шалгах 30 хоногийн хугацаа
энэ сарын 11-ний өдөр дуусна. Цагдаа, шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчдийн холбогдох хэрэг хэрхэн шидэгдэхийг харах л үлдлээ.