Эрсдэлээс хамгаалах алтны үндэсний бодлого
Эдийн засаг эгшин зуур хөмөрсөн 2012 он. Түүхий эдийн үнийн өсөлт хөөс болж, түрж байсан гадаадын хөрөнгө оруулагчид ч үүл лугаа сарнин алга болсон. 10 мянган ам.доллар шүргэж байсан тонн зэсийн ханш 7000-аас доошилж, ДНБ-ий өсөлтөөрөө тив, дэлхийн титэм болж байсан Монголын эдийн засаг хүндрэв. Бараг таван тэрбум ам.долларт дөхөж байсан Монголыг чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2013 онд хоёр, 2014 онд бараг зургаа дахин багасчээ. Ийнхүү валютын урсгал татрахын хэрээр “ногоон”-ы ханш тэнгэрт хадаж, 1300 төгрөгөөс хэтэрдэггүй байсан ам.долларын ханш 1900 төгрөг болтлоо “галзуурч”, доллараар цалгиж явсан Монгол валютаар цангаж эхэлсэн.
Эдийн засаг эгшин зуур хөмөрсөн 2012 он. Түүхий эдийн үнийн өсөлт хөөс болж, түрж байсан гадаадын хөрөнгө оруулагчид ч үүл лугаа сарнин алга болсон. 10 мянган ам.доллар шүргэж байсан тонн зэсийн ханш 7000-аас доошилж, ДНБ-ий өсөлтөөрөө тив, дэлхийн титэм болж байсан Монголын эдийн засаг хүндрэв. Бараг таван тэрбум ам.долларт дөхөж байсан Монголыг чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2013 онд хоёр, 2014 онд бараг зургаа дахин багасчээ. Ийнхүү валютын урсгал татрахын хэрээр “ногоон”-ы ханш тэнгэрт хадаж, 1300 төгрөгөөс хэтэрдэггүй байсан ам.долларын ханш 1900 төгрөг болтлоо “галзуурч”, доллараар цалгиж явсан Монгол валютаар цангаж эхэлсэн.
Монголын эдийн засаг оргилоос ёроол руу хурдтай унаж байсан энэ үед америк мөнгийг олж ирэх, урьж залах арга замыг тухайн үеийн бодлого тодорхойлогчид эрж эхэлсэн. Эцэст нь, эх орны алтаар эрдэнэсийн сангаа арвижуулснаар гадаад валютын албан нөөцөө өсгөж, эдийн засгийн тэнцвэрийг хангана хэмээн үзэв. Тиймээс 2012 онд алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татваргүй болгосон юм. Үүнээс өмнө буюу 2006 онд алтны татварыг өсгөснөөр иргэд, уул уурхайн компаниуд өндөр татвараас зугтан олборлосон алтаа төв банкинд худалдалгүй, шууд хил давуулах нь их байв. Ялангуяа, хойд, өмнөд хөрш алтны татвараа бууруулчихаад байсан тул татварын таатай орчныг чиглэв. Тиймээс эх орондоо алтаа авдарлаж үлдэхийн тулд тус металлын роялтийг 2.5 буюу БНХАУ-ынхтай ойролцоо, ОХУ-ынхаас 1.5 хувиар доогуур тогтоожээ. Ингэснээр алтны татвараар Монгол улс хоёр хөрштэй өрсөлдөхөөр болсон юм.
УНАЛТЫГ СААРУУЛАВ
Ийнхүү алтны татварт шинэчлэлийн салхи үлээснээр шар металлын арилжаа ч танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдлөө. Иргэд, аж ахуйн нэгжүүд алтаа аз сорьж, хууль бусаар хил давуулах нь багасаж, 2.5 хувийн татвар төлөөд төв банкинд тушаадаг болов. Алтны татварын хууль хэрэгжиж эхэлсэн 2013 оны эцэс гэхэд алт тушаалт хоёр дахин нэмэгдэж, зургаан тоннд хүрчээ. Өдгөө Монголбанкинд тушаасан алтны хэмжээ сүүлийн таван жил тасралтгүй өссөөр, 2017 онд 20 тоннд хүрээд байна. Энэ нь таван жилийн өмнөхтэй харьцуулбал долоо дахин нэмэгдсэн дүн юм. Ингэснээр манай улс алтнаас сүүлийн зургаан жилд нийт 2.74 тэрбум ам.долларын валютын нөөц бүрдүүлсэн. Өнгөрсөн жил л гэхэд алтны экспорт төв банкны нөөцийг 787.8 сая ам.доллараар зузаатгажээ. Хэрэв татварыг нь хөнгөлөөгүй бол өдгөө 2500 төгрөг давчихлаа хэмээн бидний уулга алдаж буй ам.долларын ханш аль 2013, 2014 онд энэ түвшинд хүрэх байсан гэж эдийн засагчид хэлдэг. Харин алтны салбарынхныг аргадсанаар Монголбанк валютын нөөцөө өсгөж, дур зоргоороо чангарч байсан “ногоон”-ы ханшид улаан гэрэл асаасан юм.
СҮҮДРИЙН АРИЛЖААГ СӨХӨВ
Алтны татварын шинэчлэл зөвхөн валютын захад нөлөөлөөд зогсохгүй шар металл дагасан сүүдрийн арилжааг сөхсөн. Алтны өндөр татвараас зугтсан олборлогчид олборлосон түүхий эдээ хууль бусаар хил давуулан худалдах, нуух, хадгалах зэргээр татвараас бултаж, далд зах зээл ид цэцэглээд байсныг цэгцлэв. Энэ бол алтны татварын хууль дагасан эерэг нөлөө. Ийн татварыг бууруулснаар шар металлаас төсвийг чиглэх орлого буурсан нь үнэн. Татвар бууруулахаас өмнө алтны салбараас 120 гаруй тэрбум төгрөг төсөвт төвлөрдөг байсан бол 2013 оноос шууд буурч эхэлсэн юм. 2017 онд 49 тэрбум төгрөг төсөвт төвлөрсөн үзүүлэлт байна. Гэхдээ энэ хэмжээний татварын мөнгийг Монгол улсын макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хамгаалж, улсыг өрийн хямрал, өрхийг мөнгөний хүндрэлээс аварсан алтны орлоготой харьцуулж болох уу.
Монголын төр татварын орлогоо 50 тэрбум төгрөгөөр бууруулж, оронд нь 700 сая ам.доллараар гадаад валютын албан нөөцөө зузаатгаж байна. Энэ онд ч үүнээс дутахгүй орлого Монголын макро эдийн засгийн дархлааг тэтгэнэ. Энэ хэрээр “ногоон”-ы ханш томоотой болно. Тэр хэрээр ам.доллараар авдаг шатахуун түлшнээс эхлээд өргөн хэрэглээний бараа таваар, аяга кофены үнэ хүртэл тогтворжих юм. Эргэн сануулахад, алтанд хатуурхсныхаа горыг бид хангалттай амсаж байлаа. 2005 онд алтны роялтийг 68 хувь болгох хууль баталснаар төв банкинд тушаах алтны хэмжээ шалдаа хүртлээ буурсан. 2005 онд 12.5 тоннд хүрч байсан төв банкны алтны нөөц 2010 он гэхэд 2.1 тонн болтлоо багасаж, төв банкны алтны авдар хоосрон, шар металлын далд зах зээл хүрээгээ тэлсэн билээ.
• Алтны татварын шинэчлэл зөвхөн валютын захад нөлөөлөөд зогсохгүй шар металл дагасан сүүдрийн арилжааг сөхсөн.
• Эх орондоо алтаа авдарлаж үлдэхийн тулд алтны роялтийг 2.5 буюу БНХАУ-ынхтай ойролцоо, ОХУ-ынхаас 1.5 хувиар доогуур тогтоож байжээ. Ингэснээр алтны татвараар Монгол Улс хоёр хөрштэй өрсөлдөхөөр болсон юм.
• 2005 онд алтны роялтийг 68 хувь болгосноор төв банкинд тушаах алтны хэмжээ буурсан.
САНХҮҮГИЙН БАГАНА-АЛТ
Дэлхийн улс орнууд ханшийн уналт, санхүүгийн савалгаанаас хамгаалахаар алтаа авдарлаж байна. Ялангуяа, ам.доллараар их хэмжээний зээл авсан, Монгол шиг хөгжиж буй орнууд валютын ханшийн шуургыг давж, эдийн засгийн эрсдэлээс хоргодохын тулд алтны нөөцөө өсгөсөөр. Төв банкных нь алтны нөөц бараг 2000 тоннтой тэнцдэг хойд хөршөөс эхлээд сүүлийн 40 жил шар металлаас зай барьсан Египет, цаашлаад Индонез, Тайланд, Филиппин зэрэг улс алтны арилжаанд эргэн оролцож эхэллээ. Дэлхий ийнхүү алт руу хошуурч байхад Монгол улс эдийн засгийн хүндрэлийн үед амь тариа болдог алтны бодлогоо цаашид хэрхэн үргэлжлүүлэхээ шийдээгүй л байна. Монголын эдийн засгийн ханшийн хямрал, өрийн хүндрэлээс аварсан алтны татварын хуулийн үйлчлэх хугацаа энэ оноор дуусгавар болно.
Төв банк хугацаа нь дуусах гэж буй татварын хуулийн үйлчлэх хугацааг дахин таван жилээр сунгаж, 2024 он хүргэх саналтай байна. Уг саналаа ч холбогдох албаныханд танилцуулжээ. Энэ хуулийн хэрэгжих хугацааг сунгах, эсэхийг ирэх өдрүүдэд УИХ-аар шийдэх гэж буй. Өнгөрсөн оноос эхлэн татварын үнэ өндийж, хүндрэлийн үеийн гал унтраах арга болдог гадаадын санхүүжилт орж ирснээр валютын албан нөөц нэмэгдэж, сүүлийн нэг сарыг эс тооцвол ам.долларын ханш харьцангуй томоотой байгаа. Гэхдээ бидний хүүдэгнэж буй хүний мөнгө хугацаатай бас хэмжээтэй. Таваарын зах зээлд өсөлт, уналт ээлжилдэг жамтай. Тиймээс нэг л өдөр үнийн уналт зах зээлийг нөмөрч, хэмжээ хязгаартай гадаадын мөнгөний хугацаа ч дуусна. Монголыг чиглэх орлогын урсгал тасалдаж, аргаа барахын цагт алт л эдийн засгийн аминд ордгийг өнгөрсөн 30 орчим жилийн түүх бэлээхэн батална.