Улс орнууд алтаар эдийн засгийн дархлаагаа дэмжиж байна
ОХУ-ын төв банкны алтны нөөц Зөвлөлт холбоот улс задарснаас хойших дээд цэгт хүрчээ. Тус улсын эрдэнэсийн сан дахь шар металлын нөөц он гарсаар 106 тонноор нэмэгдэж, энэ оны долдугаар сарын эцэст 2000 тонн болсныг хойд хөрш мэдээллээ. Сүүлийн хагас зуун жил алтны нөөцөөрөө толгой цохиж ирсэн Орос Улс 1990-ээд оноос энэ манлайллаа алдаж, хойш ухарсан. Гэхдээ 2010 оноос алтны нөөцөө эрс өсгөж чадсан. Бараг 20 жил алтны нөөцөө бууруулсан хойд хөрш яагаад дахин шар металл руу хошуурав. Дэлхийн геополитик хийгээд худалдаа, эдийн засгийн талбарт эрсдэл эрс өсөж, тодорхойгүй байдал хүрээгээ тэлж эхэлсэн тул ОХУ эдийн засгийн дархлаагаа сайжруулж, мөнгөн тэмдэгтийн ханшаа хамгаалахын тулд алтны нөөцөө ийн өсгөж байна гэж шинжээчид тайлбарлаж буй.
Өнгөрсөн улиралд гэхэд хойд хөршийн рублийн ханш гэнэт савласан. Тус улсын эсрэг тавьсан АНУ-ын Конгрессын шинэ хориг болон Туркийн лирийн уналтаас үүдэн өнгөрсөн сарын дунд үед ам.доллартай харьцах рублийн ханш суларч, хоёр жилийн доод цэгт хүртлээ буурсан.
Энэ мэт гэнэтийн, тодорхойгүй хүндрэл, савалгаанаас мөнгөн тэмдэгтийн ханшаа хамгаалахын тулд хойд хөрш алт хурааж буй нь энэ аж. Гэхдээ алтыг аюул сөрөхбаттай бамбай болгож буй нь зөвхөн ОХУ биш юм. Олон улсын төв банкуудын алтны эрэлт сүүлийн гурван жилийн дээд цэгт хүрснийг дэлхийн алтны зөвлөл мэдээллээ. Энэ оны эхний хагас жилд төв банкуудын алт худалдан авах эрэлт өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар өсөж, 193 тоннд хүрчээ. Эрэлтийн голыг ОХУ болон Турк, Казахстан улс нугалж, Энэтхэг, Индонез зэрэг хөгжиж буй орнууд хүч өгчээ. Тухайлбал, сүүлийн 40 жил алтнаас зай барьсан Египетийн төв банк энэ оноос тус түүхий эдийн арилжаанд эргэн ирж байна. Бас Индонез, Тайланд, Филиппин улс урт хугацааны “амралт”-ын дараа алтны арилжаанд оролцож эхэллээ. Бидэнтэй нэг бүс нутагт оршдог, нийгэм, эдийн засгийн шилжилтийг Монголтой зэрэг хийсэн Кыргызстан улс хүртэл гадаад валютын нөөцийнх нь 16 хувийг эзэлдэг алтны хувь хэмжээгээ 50 хувь хүртэл өсгөхөөр төлөвлөж байна. Тус улсын төв банкны ерөнхийлөгч Толдунбек Абдигулав “Улс орнуудын худалдааны маргаан даамжирч, тоглоомын дүрэм өөрчлөгдөж байна.
Ийм үед эдийн засгийн дархлаагаа бэхжүүлэх нь чухал” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Дэлхий дахинд эрсдэл нэмэгдэхэд эдийн засгийн баттай тулгуур босгож чадаагүй хөгжиж буй орнууд хамгийн түрүүнд өртдөг. Тиймээс хаанаас ч хийсээд ирж мэдэх аюул, эрсдэлээс хамгаалахын тулд алт нөөцөлж, “авдар”-таа хурааж байна. Дэлхийн улс орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламж, экспортын орлого, алт гэсэн дөрвөн сувгаар валютын нөөц бүрдүүлдэг. Агуу Америкаас эхлээд Африкийн ядруухан орон хүртэл энэ хэдхэн сувгаар орлого олж, валют татдаг. Эдгээрээс алт хураах нь гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэн, улс орныхоо үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хадгалах хамгийн найдвартай арга юм. Дэлхийн хамгийн том хүчирхэг улс болох АНУ-ын төв банк валютын нөөцийнхөө 75 хувийг алтаар бүрдүүлдэг бол Герман 69, Итали 68 хувийг шар металлаар хамгаалдаг.
• ОХУ-ын төв банкны алтны нөөц Зөвлөлт холбоот улс задарснаас хойших дээд цэгт хүрчээ.
• Энэ оны эхний хагас жилд төв банкуудын алт худалдан авах эрэлт өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар өсөж, 193 тоннд хүрчээ.
• Дэлхийн хамгийн том хүчирхэг улс болох АНУ-ын төв банк валютын нөөцийнхөө 75 хувийг алтаар бүрдүүлдэг бол Герман 69, Итали 68 хувийг шар металлаар хамгаалдаг.
Тэгвэл Монгол улс ч авдар дахь алтаа нэмэгдүүлэхээр зорьж буй. Монгол руу түрж байсан гадаадын хөрөнгө оруулагчид “дүрвэж”, нүүрс, зэс зэрэг түүхий эдийн үнэ нүүр буруулсан сүүлийн хэдэн жил монголчуудын “аминд” алт орсон билээ. 2012 онд эх орны алтаар эрдэнэсийн сангаа зузаатгаж, эдийн засгаа тогтворжуулахын тулд тухайн үеийн бодлого тодорхойлогчид алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татваргүй болгосон байдаг. Ингэснээр төв банкинд алт тушаах иргэн, аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдэж, Монголбанкинд тушаасан алтны хэмжээ сүүлийн таван жил тасралтгүй өссөөр, 2017 онд 20 тоннд хүрээд байгаа юм. Энэ нь таван жилийн өмнөхтэй харьцуулбал долоо дахин нэмэгдсэн дүн. Улмаар Монголбанк валютын нөөцөө өсгөж, “ноён” ногоонд хариу цохилт үзүүлэх боломжтой болсон юм. Өдгөө энэ оны эхний найман сард төв банкны алт худалдан авалт 12.2 тоннд хүрээд байна.
Энэ дүнг оны эцэс гэхэд 22 тоннд хүргэхээр төлөвлөснөө Монголбанкнаас мэдээлж буй. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар өссөн дүн аж. Түүнчлэн төв банк энэ онд алт тушаалтаас 700 сая ам.доллараар гадаад валютын албан нөөцийг зузаатгахаар төлөвлөжээ. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд Монголын эдийн засагт амь тариа болсон алтны татварын хуулийн үйлчлэх хугацаа энэ оноор дуусч байна. Хэрэв энэ хуулийн хугацаа дуусвал өндөр татвараас зугтдаг иргэд, аж ахуйн нэгж алтаа тушаах нь багасна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь алтны татварыг өсгөснөөр 2010 онд төв банкинд тушаасан алтны хэмжээ хоёр тонн хүртлээ буурч байсан юм. Дэлхийн улс орнууд ийнхүү эрсдэл бууруулж, ханшийн уналт, санхүүгийн савалгаанаас хамгаалах гол шийдлээ алт болгож байна. Ялангуяа, Монгол шиг хөгжиж буй орнууд валютын ханшийн шуургыг давах, эдийн засгийн эрсдэлээс хоргодох нэг гарцыг алтаа авдарлах хэмээн үзэж, түүнийг түшсэн бодлого хэрэгжүүлж эхэллээ. Тэгвэл валют авчрах хэдхэн сувагтай, түүхий эдээ зарж олсон орлогоо машин техник, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болгоод хилийн чанад руу буцаагаад урсгачихдаг Монгол улс ханшаа хамгаалж, эдийн засгийн тогтвортой байдлаа хангах нэг арга нь яалт ч үгүй алт болж таарч байна.