Б.Пүрэвдорж: Н.Баяртсайхан эрийн сайндаа валютын нөөцийг 3 тэрбум ам.долларт хүргэчихээгүй юм
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ам.долларын ханш 2018.09.18-ны өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд 50 төгрөгөөр чангарлаа. Энэ өсөлт үргэлжилж, 2600 төгрөгт хүрнэ гэсэн таамаг бий. Ард түмний амьдралд шууд сөргөөр нөлөөлж буй энэ өсөлтийн процессыг та хэрхэн харж байна вэ?
-Би хувьдаа ам.долларын ханш өссөн шалтгааныг хардах эрхийнхээ хүрээнд зохиомол гэж харж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар төсвөө ашигтай гаргахын тулд Монголбанктай хамтрах замаар зохиомол өсөлт бий болгож байна гэсэн санаа. Өнгөрсөн онд 2018 оны төсвийг батлахдаа ам.долларын ханшийг 2500 төгрөгөөр тооцож суулгасан. Тийм учраас төсвөө ашигтай гаргах зорилгоор ханшийн өсөлт зохиомлоор үүсгэж байгаа гэж хардах үндэслэлтэй. Ер нь аль ч Засгийн газар оны эцэст ам.долларын ханшийг өсгөх замаар төсвөө ашигтай гаргах сонирхолтой байдаг. Энэ нь ард түмний амьдралд шууд байдлаар муугаар нөлөөлдөг. Гэхдээ аль ч Засгийн газар төсвөө ашигтай гаргаж байвал ард түмний амьдрал бидэнд хамаагүй гэсэн сэтгэлээр асуудалд хандаж болохгүй.
-Төв банкнаас ханшийн өсөлтийг “Улирлын чанартай үйл явц тул ажиглана” гэсэн тайлбар өгч байна. Ханшийн өсөлтийг бууруулах тал дээр бодлогын ямар алхам хийвэл зүгээр вэ?
-Улирлын шинжтэй өсөлт огт биш. Наймдугаар сард улирлын шинжтэй өсөлт явагдах үе байдаг. Гэтэл энэ удаагийн өсөлт есдүгээр сарын дунд үеэс хойш бий болсон. Монголбанк хүсвэл ам.долларын ханшийг буулгах маш олон арга бий. Хамгийн түрүүнд зах зээл рүү ордог ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай. Интервенц хийх хангалттай нөөц Төв банкинд бий. Төв банкны валютын нөөц 3 тэрбум ам.доллар хүрчихээд байхад дөнгөж 80 сая орчим ам.долларын интервенц хийсэн байна. Энэ нь маш бага дүн юм. Монголбанк валютын нөөцөө өсгөсөн үзүүлэлтээ сайн гаргахын тулд ханшаа алдаж болохгүй.
-Монголбанкийг удирдаж ирсэн зарим хүмүүс Засгийн газартаа маш сайн шахалт үзүүлдэг, төгрөгийн ханшийг хамгаалах чиглэлд бодлого боловсруулж, хэрэгжүүлэх тал дээр идэвхтэй лобби хийж ажиллаж ирсэн байдаг. Гэтэл энэ удаагийн Монголбанкны ерөнхийлөгч тийм шийдвэргүй ажиллаж байна. Ер нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж буй орнуудын Төв банк хэт хараат болчихдог тал бий юу?
-ОУВС Монголбанкны өдөр тутмын үйл ажиллагаанд нарийн оролцох утга агуулгатай гэрээ хийгээгүй. Би ингэж л харж байна. Монголбанкны ерөнхийлөгч төгрөгийн ханшийг тогтвортой барих хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу бодлогын арга хэмжээ авах эрхэнд нь ОУВС халдаагүй. Гэтэл Н.Баяртсайхан “Валютын нөөц хэт бага байсан. Бид 3 тэрбум ам.долларт хүргэлээ” гээд яриад байна. Энэ нөөцөө их байлгахын тулд ханш өсчихөөд байхад интервенц хийхгүй зогсох эрх Н.Баяртсайханд байхгүй. Тэгээд ч Н.Баяртсайхан эрийн сайндаа Монголбанкны валютын нөөцийг 3 тэрбум ам.долларт хүргэчихээгүй юм. Н.Баяртсайханыг ажлаа авахад Монголбанк 1.2 тэрбум ам.долларын нөөцтэй байсан. Дээрээс нь Төв банк алтаа зарж байж 1 тэрбум ам.доллартай болсон. Үүн дээр Худалдаа хөгжлийн банк, Голомт банк зэрэг томоохон банкуудын 700 сая ам.долларын хадгаламж Монголбанкинд байршиж байна. Яг Н.Баяртсайханы олсон нөөц гэвэл ОУВС-гаас орж ирдэг улирлын санхүүжилтүүд нь үсрээд л 100 гаруй сая ам.долларт хүрнэ. Тийм учраас Н.Баяртсайхан аа, валютын нөөц чиний сайнаар нэмэгдчихээгүй юм. Энэ эндүүрлээсээ салж, хурдан интервенцээ хий” гэж хэлмээр байна.
-Банкуудын хүсэлтийг хангаж, интервенцээ идэвхтэй хийснээр ханш буурах уу?
-Одоо ханшийн өсөлтийн эсрэг яаралтай бодлогын арга хэмжээ авахгүй бол шатахууны үнэ өсч, хэрэглээний сагсан дахь гол нэрийн барааны үнэ дагаад өсөөд байна. Ялангуяа алс хол амьдардаг баруун аймгийнхан үнийн хөөрөгдөлд хамгийн их нэрвэгдэж байна. Валютын ханш өссөнөөс үүдэж, инфляци хоёр оронтой тоо руугаа бодитоор орчихсон байна. Төв банк худлаа статистик гаргаж, инфляцийг нэг оронтой тоон дээр бариулж байгаа нь буруу. Хурдан интервенцээ идэвхтэй хийж эхлэх хэрэгтэй байна. Ингэж байж ханшийн өсөлтийг барих боломж бүрдэнэ.
-Төв банк ярьсных давхар шатахууны үнийн өсөлтийг барих аргачлал асууя. Энэ чиглэлд Засгийн газар, Монголбанк хамтран тодорхой бодлогын арга хэмжээ авах эдийн засгийн нөхцөл боломж байгаа юу?
-Валютын ханшийн өсөлтөөс үүдээд импортоор авдаг бараа бүтээгдэхүүний үнэ цаашид ч өсөх төлөвтэй байна. Ер нь анхнаасаа тухайн үеийн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын хариуцлагагүй мэдэгдлээс болж ханшийн огцом өсөлт бий болсон. Ханш өсөөд байгаа учраас шатахуун дагаад өсч байна. Энэ бол цэвэр Засгийн газар, Монголбанкны хариуцлагагүй үйл ажиллагааны үр дүн. Үүний үр төлөөсийг ард түмэн л хүлээж байна. Ардчилсан намын үед дэлхийн зах дээр шатахууны үнэ өнөөдрийнхөөс ч өндөр байхад хямд бензин хэрэглэгчдийн гар дээр очдог байлаа. Энэ нь Монголбанк, Засгийн газар хоорондоо ойлголцож, бодлогын шийдвэр гаргаж чадсантай холбоотой эерэг үр дүн байсан. Бүр алс баруун аймгууд хүртэл нийслэлтэй нэг ижил үнээр шатахуунаа авдаг байсан бол одоо тэр үе мартагдаад байна. Гол нэрийн барааны үнэ өсөх тусам иргэдийн амьдрал хүндэрч байгааг Засгийн газар, Монголбанк анхаарч үзэхгүй байгаа нь буруу. Ер нь дарга нарт ард түмний амьдрал хамаагүй гэсэн зарчмаар Төв банк, Засгийн газар ажиллаж байна. Энэ бол дэндүү харамсалтай зүйл.
-Английн дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэртэй харилцдаг гадны трейдер компаниудад “Эд хөрөнгө царцаах тухай захирамж” хүргүүлээд эхэлчихсэн. Энэ мэт үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхүйц эрсдэл тулгарчихаад байгаа үед шүүхийн шийдвэрийг манай улс хэрхэн биелүүлэх ёстой юм бол?
-МАН-ынхан Стандарт банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан асуудал дээр эв санаагаа нэгтгэж, нэг л зүйл ярьж байгаа. Тэр нь буруутай этгээдүүдээр төлүүлнэ гэсэн санаа. “Жаст”-ын Батхүүгээр “Эрдэнэт” үйлдвэрийн өрийг төлүүлнэ гэдэг жинхэнэ үлгэр. Тухайн үед төрийн төлөөлөл болж байсан, шийдвэр гаргахад нөлөөлсөн этгээдүүд бүгдээрээ хариуцлагаас мултарна. АТГ энэ хэргийг шалгаад, баривчлаад явж байна. Эцсийн дүндээ тэд хуулийн хариуцлага хүлээхгүй. Яагаад гэхээр, 2017 оны дөрөвдүгээр сард батлагдсан Эрүүгийн хуулиар авлига авсан байж болзошгүй албан тушаалтны хэргийг хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгож багасгасан. Зээл авсан асуудал 2008-2011 онд хамаарч байгаа учраас шинэ Эрүүгийн хуулиар Д.Сугар, Ч.Ганзориг нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хэдийнэ дуусчихсан гэсэн үг. Шүүх шинэ Эрүүгийн хуулиар эдгээр хүмүүсийг хариуцлагаас чөлөөлчихнө. Ийм байдлаар албан тушаалтнууд мултраад, Ш.Батхүү үлдэнэ. Ш.Батхүү “Надад төлөх нэг төгрөг ч алга. Миний хоёр чихийг ав” гэж хэлэх нь тодорхой. Тэгэхээр “Стандарт” банкны өрийг “Эрдэнэт” үйлдвэр л төлж таарна. Нөхцөл байдал ийм байхад МАН-ынхан худлаа яриад явах юм. Ард түмэнд үнэнээ хэлж сурах хэрэгтэй.
-Гэхдээ Ш.Батхүү асар их хөрөнгө эзэмшиж байгаад, зүгээр шахам хүмүүст тараагаад өгчихсөн байдаг. Үүнийг хуулийн аргаар сэргээн хөөцөлдөж, хөрөнгө босгох боломжгүй гэж үү?
-Ш.Батхүүд хамаарах “Олон овоот”-ын орд, Хадгаламж банк, “Жаст”-ын ШТС-ууд гэхчлэн хөрөнгүүд байсан хэдий ч ихэнхийг нь бэлэглэлийн журмаар шилжүүлчихсэн байдаг. Энэ хөрөнгийг олж илрүүлэх, “Эрдэнэт” үйлдвэрийн өрийг төлөхөд оруулах бодит шаардлага байгаа нь үнэн. Харамсалтай нь, Ш.Батхүүгийн хөрөнгийг сэргээн хөөх эр зориг хуулийн байгууллагынханд алга. Энэ нь хуулийн байгууллагуудыг удирдаж байгаа хүмүүстэй холбоотой асуудал юм.
-Явж явж “Эрдэнэт” үйлдвэр өөрөө энэ өрийг төлөхөөс өөр аргагүй мухардал үүснэ гэж харагдаж байгаа?
-“Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банкинд төлөх ёстой өрөнд сар бүр 1.2 сая ам.долларын хүү төлж байна. Нийтдээ 105 сая ам.доллар. Өдөр хоногоор хүү нь өсч байна. “Эрдэнэт” үйлдвэр хаалгаа барих өндөр эрсдэлд ч хүрч болзошгүй. Тийм учраас Засгийн газар энэ асуудал дээр шуурхай арга хэмжээ авах ёстой. Ер нь бид энэ асуудлаар хариуцлага нэхнэ. Ард түмэн ч нэхэж байна. Хуулиндаа өөрчлөлт оруулж байгаад, тэдгээр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хэрэгтэй.
-У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг жилийн ой ирэх саруудад тохионо. Парламентад сонгогдсон хувь хүний гишүүний зүгээс Засгийн газрын нэг жилийн хугацаанд хийсэн ажлуудын далайцыг хэрхэн харж байна вэ?
-Засгийн газар сүржин мэдэгдэлтэй мөртлөө даржин үйл ажиллагаа явуулдаг хэлбэрт шилжчихлээ. Ард түмэнд төрийн байгууллага дахь хүнд суртлыг байхгүй болгох, төрийн албыг мөнгө олох хэрэгсэл гээд ойлгочихсон нөхдүүдээс салах боломжийг У.Хүрэлсүх олгочих юм шиг санагдсан. 60 тэрбумынхантай хариуцлага тооцох, хуулийн байгууллагын ялзралтай тэмцэх тал дээр ч ахиц гарах боломжтой гэдэг нүдээр У.Хүрэлсүхийг харсан. Харамсалтай нь, У.Хүрэлсүх ард түмний хүлээсэн хэмжээнд хүрч ажиллаж чадсангүй. Нэг жилийн хугацаанд ямар бүтээн байгуулалт хийгдэв. Манай Ховд аймагт ард түмэнд хэрэгтэй нэг ч байшин баригдаагүй. Нийслэлд АН-ын үед эхэлсэн цэцэрлэг, сургуулиуд л ашиглалтад орж байна. Монголын ард түмний хувьд маш их цаг алдсан нэг жил өнгөрлөө л гэж хэлмээр байна.
-Та тойрог дахь төсвийн зардлаар хийгдэх ажлуудаа хэр сайн суулгаж чадсан бэ?
-Би сонгогдсон бүх суманд шаардлагатай байсан хөрөнгө оруулалтуудыг төсөвт суулгаж чадсан. Эхнээс нь ажил хэрэг болоод явж байна. Гэвч зарим яаман дээр албан тушаалтнууд нь тендерийн шалгаруулалт дээр эрх ашгийн сонирхол үүсгэж, ажил уяад байгаа тохиолдол ч байна. Одоо намар болж байна. Гэтэл нэг хүний хувийн эрх ашгаас үүдээд, бүтээн байгуулалт удааширсаар хүйтний улиралтай залгаж байна. Засгийн газар төрийн албаны сахилга батыг сайжруулах гэж байгаа бол дунд шатны эдгээр хүмүүстээ хариуцлага тооцох ёстой.
-Тойрогтоо ажиллаад явж байхад ард түмэн эрх баригч намд хэр сэтгэл ханамжтай байх шиг санагдав?
-Орон нутгаар ажиллаад явж байхад ард түмэн эрх баригч намын өнгөрсөн хоёр жилийн хугацаанд засагласан ажилд муу дүн тавьж байна. Өнгөрсөн 2012-2016 оны хооронд ард түмний нүдэн дээр бүтээн байгуулалт өрнөсөн. Шинэ шинэ санаанууд хэрэгжиж, хөрөнгө оруулалтууд хийгдэж байсан. Гэтэл 2016 оны сонгуулиас хойш бүтээн байгуулалт огт өрнөхөө байчихсан. Тухайлбал, Ховд аймагт 2016 оноос хойш ганцхан барилга баригдсан. Тэр нь шорон. Нөхцөл байдал ийм байхад ард түмэн яаж МАН-д итгэж, сэтгэл ханамжтай хандах юм бэ.
-Эрх баригч нам байнга л шүүмжлэлд өртдөг. Гэтэл нөгөө талд энэ удаагийн парламентын сөрөг хүчний дуу хоолой хэт бүдэг байгаа шүү дээ?
-Манай намын парламент дахь гишүүдийн тоо хэт цөөн. Үнэхээр цөөдөж байна. Сөрөг хүчний нэг гишүүн асуудлыг шүүмжлээд ярихад араас нь 10 гишүүн түүний эсрэг үг хэлдэг. АН-ын нэг гишүүний хэлсэн үгийг баллуурдахын тулд 5-10 гишүүн үг хэлж байна. Тэгэхээр бид тэднийг давсан байдлаар асуудалд хандаж, хичээн ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдал байна. Сөрөг хүчний дуу хоолойг УИХ дахь АН-ын есөн гишүүнээр төсөөлж ойлгох хэрэггүй. Ер нь ард түмэн тэр чигээрээ МАН-ын сөрөг хүчин болчихоод байна. Тэгэхээр эрх баригч нам энэ дуу хоолойг сонсож, анхаарч үзэх хэрэгтэй юм.
-Парламентад суугаад хоёр жил боллоо. Хувь хүний хувьд УИХ-ын гишүүн болж төлөвшиж амжив уу?
-Би төрийн байгууллагад удирдах албан тушаалд ажиллаж байсан хүн. Төрд ажиллах тодорхой хэмжээний туршлага бий. УИХ-ын гишүүн маш их ажиллахыг хувь хүнээс шаарддаг үүрэгт ажил. Тойрог маань нийслэлээс хол. Байнгын тойрог дээрээ ажиллах шаардлага үүсдэг. Ганц тойрог яриад байхгүйгээр ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө УИХ-ын гишүүн хүн дуугардаг байх учиртай. Үзэл бодлоо ул үндэстэйгээр илэрхийлдэг, ард түмнийхээ төлөө зүтгэдэг байх ёстой. Энэ үндсэн зарчмаа барьж ажиллахыг хамгийн ихээр хичээсэн. Хуулийн төслүүд дээр цаг гаргаж сууж ажилладаг байх нь их чухал. Хоёр жилийн хугацаанд эдгээр бүх асуудлыг жигд байдлаар барьж, сайн ажиллахыг хичээж л ирлээ.
-УИХ-ын намрын чуулган дээр та тухайлсан ямар хуулийн төслүүдэд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллах вэ?
-Хамгийн түрүүнд 2019 оны төсвийн төсөл дээр тойрог руу чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг суулгаж өгөх асуудалд анхаарч ажиллана. Татварын багц хуулиуд дээр маш сайн сууж ажиллана. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийг дэмжих чиглэлд тодорхой санаачилга гарган ажиллана гэсэн бодолтой байна. Дээрээс нь Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэгт өөрөө орж ажиллах бодолтой байна. Монгол Улсыг урагшлуулж, дэвшүүлэхгүй чөдөр болж байгаа зүйл нь улс төрийн нам өөрөө болчихсон. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт маш чухал юм. Намрын чуулганы хугацаанд өөрийн санаачилсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барина. Би хуучин Гадаадын иргэн харъяатын газрын даргаар ажиллаж байсан. Хэн нэгэн даргаас хамааралгүйгээр хуулийн хүрээнд ажиллах боломж бий болгох зорилгоор хуулийн төслийг өргөн барьж байгаа юм.