”Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан хорилоо
"Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзоригийг, өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албанаас саатуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчилсан гэх ба "Эрдэнэт" үйлдвэрийн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа аж. Улмаар хэргийн мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэж үзэн цагдан хорих арга хэмжээг аваад байгаа ба Ч.Ганзоригийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан байна.
Ч.Ганзоригийг "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр, 2013 онд Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар буюу албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байсан билээ.