Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд 2.9 их наяд рублийн 175 гэрээ хэлцэл хийжээ
Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд нийт 2.9 их наяд рублийн 175 гэрээ үзэглэжээ. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев сэтгүүлчдэд мэдээлснийг ТАСС уламжлав.
Тэрбээр хэлэхдээ "09:00 цаг (орон нутгийн цагаар)-ийн байдлаар 2.9 их наяд рублийн 175 гэрээ байгуулаад байна. Эхний чуулга уулзалтаар 1.3 их наяд рубль, хоёр дахь чуулга уулзалтын үеэр 1.8 их наяд рубль, гурав дахийн үеэр 2.5 их наяд рублийн гэрээ байгуулагдсаныг санаж байгаа байх аа" хэмээн хэлжээ.
Трутневын хэлснээр, энэ удаагийн чуулга уулзалтад 6000 гаруй зочин төлөөлөгч оролцсон байна. Өнгөрсөн жил Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад 5000 гаруй төлөөлөгч, хэвлэл мэдээллийн 1000 орчим ажилтан оролцжээ. Хятадаас хамгийн олон буюу 1096 хүн, Японоос 570, Өмнөд Солонгосоос 335, Хойд Солонгосоос 12 хүн оролцсон бөгөөд гадаадын компаниудаас 340 гаруй төлөөлөгч оролцсон байна.