УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэргийг өнөөдөр шүүнэ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдрийн хуралдаанаар ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног баривчлах шийдвэр гаргажээ. Улмаар ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьж, байцаалт авахаар болсон байна.
Тодруулбал, дээрх албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурамч шинжилгээний дүгнэлт гаргасан гэх гомдол АТГ-т ирсэн байна. АТГ-аас уг хэргийг шалгаж үзээд, эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгах шаардлагатай хэмээн, баривчлах саналаа Нийслэлийн прокурорын газраар уламжлан гаргасныг шүүх ийнхүү хангасан байна.
Эдгээр шинжээчид УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэрэг хийснийг батлах гол баримт болох ор хөнжлийн даавуу, хохирогчийн дотуур хувцсыг угааж, хэргийн ул мөрийг балласан тухай тус газрын шинжээч О.Даваасүрэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлж байжээ. Түүний дагуу тус хэрэгт холбогдуулан шинжээчдийг баривчилсан байж болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж буй юм.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг есдүгээр сарын 12-нд буюу өнөөдөр 13:30 цагаас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүнэ. Шүүх хурал хоёр ч удаа товлогдоод хойшлогдсон. Тодруулбал, хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаантай, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй гэснээр хойшлуулаад байсан юм.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга уг асуудлаас болж, өнгөрсөн зургадугаар сард гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг чөлөөлсөн юм.