Гадаад “бэлэг”-гүй, дотоод дэмжлэггүй жил биднийг хүлээж байна
Монголын эдийн засгийн идэвхгүй, урамгүй үе ирэх онд ч үргэлжлэх нь. Хэдийгээр УИХ төсөв, мөнгөний бодлогыг хэрхэн батлахаас 2019 оны дүр зураг илүү тодорхой болох ч, ирэх жилийн эдийн засгийн зурхай тун таагүй бууж байна. Учир нь энэ хэдэн сар биднийг баярлуулсан, гадаад зах зээлийн гэнэтийн “бэлэг”-үүд замхарч, дотоод эдийн засгийн нөөц боломж ч алдагдсаар.
Дотоод, гадаадын шинжээч, эдийн засагчид ирэх оны өнгийг хэрхэн төсөөлж буйг эхлээд хүргэе. “2020 он ойртох тусам Монгол Улсын сорилт нэмэгдэнэ. ОУВС-гийн хөтөлбөрийн хугацаа дуусна. Араас залгаад улс төрийн сонгууль болж, өдгөө хойшлуулж буй өр зээлийн эргэн төлөлт сөхөгдөнө” хэмээн Fitch агентлагийн Ази Номхон далайн орнуудын Зээлжих зэрэглэл хариуцсан захирал Эндрью Феннел дүгнэж байна.
Тэгвэл СЭЗИС-ийн багш, дэд профессор Ж.Дэлгэрсайхан “Монголын эдийн засгийн нөхцөл байдал ирэх онд энэ оныхыг гүйцэхгүй болов уу. Сүүлийн хэдэн сар манай эдийн засгийг багагүй дэмжсэн гадаад зах зээл савлаж эхэллээ. Гадаад нөхцөл байдал ийм тогтворгүй байхад дотоод эдийн засагт бодит өсөлт бий болгох хүчин зүйл ховор байна” гэв. “Эрх баригчид төсөв, татвар, өрийн бодлогоо оновчтой тодорхойлохоос олон зүйл хамаарна. Дотоод нөхцөл байдал сайнгүй байхад гадаад зах зээл ч туйлын тогтворгүй болж байна. АНУ, БНХАУ-ын үл ойлголцол улам даамжирч байна. Энэ нь манай экспортын орлогод нөлөөлж болзошгүй” хэмээн МУИС-ийн багш, доктор, профессор Ч.Хашчулуун өгүүлэв. Тэгвэл өдгөө тодорхой болоод буй ямар сорилт биднийг хүлээж байна вэ.
ХУДАЛДААНЫ ДАЙН
Манай экспортын орлогыг сүүлийн хэдэн сар тэтгэсэн гадаад зах зээлийг худалдааны дайн нүд ирмэхийн зуур таагүй болголоо. Их гүрнүүдийн үл ойлголцлоос үүдэн түүхий эдийн ханш улам уруудаж байна. Зэсийн ханш гэхэд бараг 20 хувиар буурсан боловч эргэн сэргэх шинжгүй 5000 ам.долларын түвшиндээ хэлбэлзэж байна. Тарифаар сум хийсэн, АНУ, БНХАУ-ын худалдааны дайн таваарын зах зээлийг таагүй болгох нь тодорхой болсон. Энэ дайн улам даамжирвал манай экспортын бүтээгдэхүүний үнэ навс унах нь дамжиггүй. Ирэх саруудад зэсийн үнэ ёроолдохгүй юмаа гэхэд өнгөрсөн саруудынх шиг өсөхгүй гэж олон улсын шинжээчид таамаглаж байна. Мөн өдгөө үнийн уналт нөмрөөгүй байгаа нүүрсний ханш удахгүй уруудах таамаг давамгайлж байна. Алт, газрын тосны ханш ч өсөх нь бүү хэл эргэн уруудах төлөвтэй. Ингээд үзэхээр таваарын зах зээлийн таагүй жил биднийг хүлээж байна. Бид ч ирэх онд таваарын зах зээлээс энэ оных шиг ихийг хүлээгээд хэрэггүй аж.
ХОЁР ХӨРШ
Биднийг бүслэн оршдог хоёр хөрш маань хоёулаа худалдааны хоригт хүлэгдлээ. Манай “хэтэвч” болох Хятадын эдийн засаг саарч байгаа. Худалдааны дайн үүсээгүй байсан ч 2019- 2020 онд энэ үзүүлэлт 6.3 хувь болтлоо буурна гэж Дэлхийн банкнаас танилцуулсан. Дээрээс нь улам өндийж буй өр зээлээ өмнөд хөрш хэрхэн шийдэх нь тодорхойгүй. Тиймээс ирэх гурван жилд Хятадын эрх баригчид санхүүгийн зохицуулалтыг сайжруулж, зээлийн өсөлтийг хязгаарлана гэж шинжээчид таамаглаж байна. Эдгээр бодлого нь дам болон шууд байдлаар Монгол Улсын худалдаанд нөлөөлөх нь дамжиггүй. Гэтэл ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрсээр. Хойд хөршийн томоохон компаниудад тавьсан АНУ-ын эдийн засгийн хоригийн хор хохирол өдгөө тус улсын аж ахуйн нэгжүүдэд илт мэдрэгдэж, төсвийг нь цоолж эхэлсэн. Арга мухардсан хойд хөршийн бодлого тодорхойлогчид тэтгэврийн насаа нэмж, газрын тосны экспортоос татвар авахад хүрээд байна.
ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Сүүлийн жил гаруй хугацаанд бид ам.долларын ханшийг донор байгууллагууд болон орнуудын мөнгөөр тогтоон барьж байгаа. Гэтэл төсвийг ундаалж, төгрөгийн ханшийг дэмжиж буй энэ мөнгө хэмжээтэй бас хугацаатай. Хугацаа нь жил гаруйн дараа дуусчихна. Тэгвэл хүний мөнгөөр хүүдэгнэж байсан бид дахиад л ам.долларын ханшийг алдана гэсэн үг.
• Сүүлийн жил гаруй хугацаанд бид ам.долларын ханшийг донор байгууллагууд болон орнуудын мөнгөөр тогтоон барьж байгаа.
• “Монголын эдийн засгийн нөхцөл байдал ирэх онд энэ оныхыг гүйцэхгүй болов уу.
• Иймд мөдхөн хэлэлцэж эхлэх төсвийн бодлогыг ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн, эдийн засгийн бодит бололцоондоо тохируулан батлахыг олон улсын байгууллагууд сануулж буй.
Уг нь бусдын гар харалгүй, валютын ханшаа тогтоон барих боломжийг Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалт олгоно. Гэвч энэ хэдэн сар гадаад шууд хөрөнгө оруулалт дорвитой өсөөгүй. Нийт хөрөнгө оруулалтын бараг 80 хувь нь ганцхан эх үүсвэрээс буюу “Оюутолгой”-н санхүүжилтээс бүрдэж байна. Манай хөрөнгө оруулалтын нөхцөл байдал ийм эмзэг, хөрөнгө оруулагчдын итгэл өнөө хэр сэргээгүй байгаа нь харагдана.
ДОТООД ИДЭВХГҮЙ БАЙДАЛ
Үнэндээ бид эрийн сайндаа эдийн засгаа өсгөчихөөгүй. Аз ч гэж хэлж болох, гадаад зах зээлийн гэнэтийн хүчин зүйлс биднийг өдгөө даналзаж, сайд дарга нар өсөлт ярихад хүргэсэн. Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээс энэ оны эхэн хүртэл биднийг баярлуулсан гадаад зах зээл ирэх онд ч нүүр бууруулж эхлэх нь. Гэтэл гадаад зах зээл зангаа хувиргалаа гэхэд эдийн засгаа тэтгэх дотоод нөөц бололцоо бидэнд бий бил үү. Өнөө хэр манай эдийн засаг уул уурхай гэх ганцхан тулгуураа түшсээр, бүтцийн өөрчлөлт, эдийн засгийн төрөлжилт дорвитой өрнөсөнгүй. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”- ийн хүрээнд бодит секторыг дэмжих томоохон төслүүд хэзээ эхлэх, хэрхэн санхүүжих, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх нь тодорхой бус хэвээр байна” хэмээн Төв банкны Инфляцын төлөв байдлын тайланд дурджээ. Бас таамаглахад түвэгтэй цаг агаарын хүчин зүйлээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбарт хүндрэл учрахыг үгүйсгэхгүй хэмээн Монголбанкны шинжээчид дүгнэж байна.
Ирэх онд уул уурхайн экспортоо нэмлээ гэхэд эрчим хүч, дэд бүтцээр хязгаарлагдах нь тодорхой болсон. 2019 онд үүдээ нээх үйлдвэрүүдийг амилуулахад эрчим хүч хүрэлцэхгүй хэмээн уул уурхайн компаниуд учирлаж байна. өнгөрсөн хэдэн жилд нэг ч эрчим хүчний төсөл хөдөлсөнгүй. Цахилгаан эрчим хүч, дэд бүтэц бүү хэл, Монголын эдийн засагт дорвитой нөлөөлөх том хэмжээний нэг ч төсөл урагшилсангүй. Дотоодын ийм идэвхгүй, дүнсгэр дүр зурагтай бид ирэх онтой золгох гэж байна. Мэдээж, ирэх оны Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого энэ намрын хамгийн анхаарал татсан сэдэв байх нь тодорхой. Энэ хэрээр ирэх оны өнгө илүү тодорхой болно. Гэхдээ эдийн засгийн суурь хүчин зүйлээ тооцвол тун таагүй байх нь. Монголын эдийн засгийг түших гадаад зах зээлийн түлхэц сул, дотоод дэмжлэг ховор жил биднийг хүлээж байна. Иймд мөдхөн хэлэлцэж эхлэх төсвийн бодлогыг ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн, эдийн засгийн бодит бололцоондоо тохируулан батлахыг олон улсын байгууллагууд сануулж буй.
Эх сурвалж: zgm.mn