Ипотекийг эрчимжүүлэх иргэдийн хүлээлт өндөр байна
Н.Алтанхуягийн Засгийн газар 2013 онд эрс шийдмэг гэгч нь эхлүүлж байсан найман хувийн хүүтэй ипотекийн зээл тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Гэвч иргэдээ орон сууцжуулах хамгийн боломжит хувилбар эх үүсвэрийн гацаанд орж, урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх итгэл өвөртөлж яваа олон хүний урам зориг хугарахад хүрээд байна. Арилжааны зарим банк иргэдээс зээлийн хүсэлт авахаа энэ сараас зогсоож, дор бүрнээ санхүүжилт харуулдаж сууна.
Монголбанк, Засгийн газар хамтран хэрэгжүүлж эхэлсэн дээрх хөтөлбөрийн үр дүнд өдгөө 93 орчим мянган иргэн орон сууцны зээлд хамрагдаж, хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэх сэдлийг улам өрдсөн билээ. Гэвч он гарснаас хойш ипотекийн санхүүжилт хумигдаж, ердөө 2000 гаруй иргэн уг зээлд хамрагдаж чадсан байна. Монголбанк долдугаар сард гэхэд дөнгөж 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 231 зээлийн хүсэлтэд олгохоор арилжааны банкуудад хуваарилсан байх жишээтэй. Он гарснаас хойш тус санхүүжилтэд нийт 150 орчим тэрбум төгрөгийг Засгийн газар, Монголбанк олгожээ.
Үүний 96.2 тэрбум төгрөгийг төв банкнаас олгоод байгаа юм. Харин Засгийн газрын санхүүжилт дорвитой нэмэгдсэнгүй. Үүнээс болоод өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ипотекийн зээлийн хүртээмж тааруухан гүйцэтгэлтэй байна. Уг нь энэ онд хамгийн багадаа шинээр 5000 иргэнд ипотекийн зээл олгох нөхцөлийг бүрдүүлнэ гэдгээ Засгийн газар оны эхэнд амлаж байлаа. Тодруулбал, төсвөөс 120 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилт болгохоо мэдэгдэж байсан юм. Үлдсэн хугацаанд санхүүжилт нэмэгдэж, банкууд ипотекийн зээл олголтоо эрчимжүүлэхгүй бол 2017 оныхоос хоёр дахин бага иргэн байртай болохоор байна. Сангийн яам ипотекийн зээл олгох санхүүжилтээ амсуулах төдий байгаа нь эргээд ипотек хумигдах эрсдэл бий болгож байгаа юм. Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг шийдвэрлэх хамгийн оновчтой гарц нь ипотек гэж үзэж байгаа энэ цаг үед уг зээлд санхүүжилт ус, агаар мэт хэрэгтэй байна.
• Арилжааны зарим банк иргэдээс зээлийн хүсэлт авахаа энэ сараас зогсоож, дор бүрнээ санхүүжилт харуулдаж сууна.
• Он гарснаас хойш орон сууцны санхүүжилтэд нийт 150 орчим тэрбум төгрөгийг Засгийн газар, Монголбанк олгожээ.
• Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хүрээнд 2013- 2017 онд борлуулалт хоёр дахин нэмэгдсэн.
ОУВС-гийн “өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т манай улс хамрагдсантай холбогдуулан ипотекийн зээлийн хөтөлбөрийг төсвийн шинжтэй санхүүжилт гэж үзсэн. Тиймээс уг зээлийг Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хязгаарласан нь зээлийн эрч саарахад хүргэсэн. Тэгвэл энэ сард Төв банк Засгийн газарт найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг бүрэн хүлээлгэж өгөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна. Ирэх сараас ипотекийн зээлийн “ирээдүй”-г Засгийн газар дангаар хариуцаж эхлэх юм. Үүний өмнө “ипотекийн зээлийн ерөнхий журам”-д өөрчлөлт оруулахаар Засгийн газар, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд шинэ журам удахгүй бэлэн болох юм байна. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа байрны урьдчилгааг бууруулах буюу 20 хувь болгох Засгийн газрын санаачилга шинэ журмаар тодорхой болох нь. Ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бол нийт зээлийн үлдэгдлийн 17.6 хувийг орон нутагт олгосон зээл эзэлжээ. Орон сууцны зээл олголт ийнхүү удаашрах хэрээр түрээсийн байрны үнэ нэмэгдэж, компани иргэн хоорондын хувь зээл “цэцэглэж” байгаа нь нууц биш.
Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хүрээнд 2013-2017 онд орон сууцны борлуулалт хоёр дахин нэмэгдсэн. Тэгвэл энэ онд зах зээл дээр ашиглалтад орсон бэлэн байрны борлуулалт 40 хувиас хэтрэхгүй байна. Хэдий тийм боловч ирэх жилүүдэд орон сууцны нийлүүлэлт нэмэгдэхээр байна. Нийслэлд гэхэд нийт 60 гаруй мянган айлын орон сууцны төсөл хэрэгжиж байгаагаас энэ онд болон ирэх онд ашиглалтад орох 7.4 мянган орон сууц байгаа аж. Дээрх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн жил хамгийн их орон сууц борлуулагдсан ба түүний 63 хувьд шинээр ипотекийн зээл олгосон байдаг. Өнгөрсөн онд борлуулсан орон сууцны 44 хувийг ипотекийн зээл санхүүжүүлсэн бол уг үзүүлэлт энэ онд буурч мэдэхээр байна. ДНБ-д эзлэх ипотекийн зээлийн хэмжээ манай улсад дэлхийн дунджаас бага байгаа. Тэрчлэн улсын хэмжээнд насанд хүрсэн хүн амын дунд 25-29 насныхан хамгийн их хувийг эзэлж байгаагаас гадна 216 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Ирэх таван жилд орон сууцны зээлийн эрэлт өснө гэж зарим судалгааны байгууллага мэдээлж буй. Энэ үед орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт орж байна. Хоёр жилийн өмнө тус журамд өөрчлөлт оруулж байсан. Өнгөрсөн онд ипотекийн зээл олголт 2016 онтой харьцуулахад 20 гаруй хувиар буурч байв. Тэгвэл энэ онд дахин буурах эрсдэл бас байна.