Бөхийн өргөөг төрд авах боломжийг судлах нууц ажлын хэсэг наадмын өмнө байгуулагджээ
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэн авах ажлыг шуурхай зохион байгуулахыг Ерөнхий сайдаас хүссэн албан тоот илгээснээ зарлав. Монголын Үндэсний Бөхийн холбоо тойрсон маргаан сүүлийн жилүүдэд эрс ихэссэнээс үүдэж, уламжлалт спортын нэр хүндэд сэв суухад хүрээд байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хавар талуудыг маргаанаа эцэслэж чадахгүй бол Бөхийн өргөөг төрд авна гэх анхааруулгыг өгөөд байсан юм.
Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 7, 8-р саруудад бөхийн өргөөг төрд авах боломжийг судлах үүргийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/-т хоёр удаа өгсөн байна. Энэ дагуу ТӨБЗГ-т Бөхийн өргөөг төрд авах асуудлыг судлахад шаардагдах мэдээлэл цуглуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.
Нууц байдлаар байгуулагдсан тус ажлын хэсэг саналаа Засгийн газарт ирэх долоо хоногийн эхээр танилцуулах чигтэй байгааг эх сурвалж онцолж байна. Өөрөөр хэбэл, бөхийн өргөөг төрд авах асуудлаарх “ажлын машин” наадмын өмнөөс нууцаар ажиллаад эхэлчихсэн гэсэн үг. Бөхийн өргөөг 1992 онд барьж эхэлсэн хэдий ч санхүүгийн хүндрэл үүсч, ажил удааширсан байдаг. Улмаар 1997 онд УИХ-аас барилгын ажлыг дуусгавар болоход шаардагдах 1.1 тэрбум төгрөөс 800 саяыг нь төр санхүүжүүлэх шийдвэр гаргаж байв. Энэ дагуу санхүүжилт хийгдэж, бөхийн өргөө ашиглалтад орсон байдаг билээ.
Мөн бөхийн өргөөг баригдах үеэр төрийн өмчийн компаниуд 142 орчим сая төгрөг өгч байсан. Нийт зардлын тодорхой хувийг ард түмний хандивын мөнгөөр босгож байсан түүхтэй. Ингэж ард түмэн, төрийн оролцоотой сүндэрлэсэн Бөхийн өргөө бие даасаан ХХК-ийн байдалд шилжин, үйл ажиллагаа явуулсаар ирсэн нь анхаарал татдаг.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд “Төр бөхийн өргөөг өмчлөлдөө аваагүй. Бүр ядахдаа оруулсан мөнгөндөө таарсан ногдол ашиг хүртээгүй. Ард түмнээс хандив авсан мөртлөө эргээд бизнесийн байгууллагын зарчимд шилжсэн” гэх нийтлэг шүүмжлэлүүд өрнөсөөр өдийг хүрлээ. Гэвч 1999 оноос хойш төр бас чиг зүгээр суугаагүй байдаг. Төрд авах нөхцөл боломжийг судлах асуудал хоёр ч удаа 2000-2002 оны үед Засгийн газрын хуралдаанаар яригдаж, тодорхой үнэлгээ тогтоох, хянан шалгах чиглэлээр нэлээд ажлууд өрнөж байж. Гэхдээ энд нэг анхаарал татсан зүйл байгаа нь бөхийн өргөөг төрд авах асуудал Засгийн газар, УИХ, Төрийн өмчийн хороо /ТӨХ/-ны түвшинд сөхөгддөг ч яг эцэслэн шийдвэр гараагүй байдаг аж.
Тэмдэглэн хэлэхэд, МҮБХ-ын тэргүүн Р.Нямдорж 1999.11.14-ний өдөр тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Зоригтод “Өмнө нь гурван удаа танай газраас шалгалт тул дахин шалгаж, төсвийн мөнгийг дэмий үрэх хэрэггүй” гэсэн албан тоот илгээсэн тохиолдол ч гарч байжээ. Улмаар 1999.11.23-нд тухай үеийн Ерөнхий сайд Р.Амаржаргалд хандан, удаа дараа үндэслэлгүй шалгаж байна гэсэн гомдол хүртэл мэдүүлж байж.
Бөхийн өргөө сүүлийн хоёр жилийн хугацаанд 168 удаагийн урлагийн тоглолтоос 415.7 сая төгрөг, үндэсний бөхийн 102 удаагийн бөхийн барилдаанаас 1.7 тэрбум төгрөгийн орлого олсон тоон баримт байдаг. Үндсэндээ нэг жилд 1 тэрбум гаруй төгрөгийн орлого бүрдүүлдэг гэсэн үг. Сонирхолтой нь, Бөхийн өргөө ХХК-ийн зарчмаар үйл ажиллагаа явуулдаг учир 800 сая төгрөг оруулсан төр өнгөрсөн хугацаанд нэг ч төгрөгийн ногдол ашиг авч үзээгүй байна. Харин эсрэгээрээ тус холбооны тэргүүн Р.Нямдорж 10 хувийн эзэмшилтэй явж иржээ.
Уг нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6.2-т “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна” гэж маш тодорхой зааж өгсөн. Төр энэ заалтыг хэрэгжүүлэх төлөө оролдого хийсэн ч зогсоож чаддаг том лобби явж ирсэн нь харагддаг.
Бөхийн өргөөг баригдахад, төсвийн хөрөнгөөс 800 сая, төрийн өмчит компаниуд 142 сая орчим төгрөг өгч, дээр нь Нийслэл газрыг нь үнэгүй шийдэж өгсөн нь бий. Эдгээрийг нийлүүлээд тооцоход 70-80 хувийг нь төрд шилжүүлэх үндэслэлтэй гэж судалгааны ажлын хэсгийнхэн урьдчилсан байдлаар дүгнэсэн байна. Түүнчлэн иргэд хичнээн төгрөгийн хандив өгсөн, түүнийг юунд хамааруулан тооцох асуудал асар бүрхэг байгааг тэмдэглүүштэй. Бөхийн өргөө тойрсон асуудал сүүлийн 26 жил яригдаж буй. Дөрвөн жилийн мөчлөгөөр тооцоход долоон Засгийн газрын нүүр үзсэн хугацаа. Энэ хооронд төрд хамаарах албан бичгүүд бүдгэрч, ТӨХ татан буугдсанаас үүдэн, архивын материалууд нь замхрах шинжиндээ оржээ.
Тиймээс хангалттай хэмжээнд материал цуглуулахын тулд Засгийн газар дээр Сангийн яам, ТӨБЗГ, Нийслэл, Архивын газрын түвшинд хамтарсан ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэж буй аж. Тодруулбал, энэ зун чимээгүйхэн цуглуулсан материалуудаа ерөнхий баазаар нь төрийн байгууллагуудаас албажуулан бүрдүүлж, түүн дээр үндэслэн дүгнэлт гарах шаардлагатай байгаа юм байна.
Ингэж байж албан ёсоор шийдвэр гаргахгүй бол өмчлөлийн маргаан дэгдэх эрсдэлтэй билээ. Ямартай ч урьдчилсан байдлаар бөхийн өргөөг төрд авах ёстой. Улмаар өнгөрсөн төр ногдол ашиг авах эрзүйн үндэслэлтэй гэж ажлын хэсгээс үзсэн нь тодорхой байна.