Н.Энхбаяр: Энэ оны төсвийг тодотгохгүй
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Оны эхний хоёр улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.3 хувьтай гарсан. Эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар гол жин дарсаар байгаа. Уул уурхайгаас бусад салбарт өсөлт ямар байх бол?
-Оны үлдэж байгаа хугацаанд эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх салбар бол хөдөө аж ахуй. Энэ жил бороо хур их орсон болохоор арвин ургац хураах төлөвтэй. Ямар ч байсан энэ жил дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах төлөвтэй байна. Мөн энэ онд гарсан төлийг нэмбэл 80 гаруй сая толгой мал бий. Хүнсэнд хэрэглэх малаа хасаж тооцвол оны эцэст 70 гаруй сая толгой мал тоологдох байх. Хөдөө аж ахуйн салбар малын тоо толгой, насны өсөлтөөр нэмүү өртөг тооцдог онцлогтой. Тиймээс мал аж ахуйн салбарт ч гэсэн өндөр өсөлт гарах боломж бий. Мөн зам тээврийн салбарт хийж буй бүтээн байгуулалтууд энэ жил харьцангуй урагштай явж байна.
-БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлахдаа хоёр орны гадаад худалдааг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн. Ийм богино хугацаанд энэ зорилтыг биелүүлэх бодит боломж байгаа юу?
-Улс орнуудын хооронд хийгдэх худалдааны саад бэрхшээлийг арилгах асуудал бүх түвшинд яригддаг. Монгол болон БНХАУ-ын хувьд худалдааны саад бэрхшээл харьцангуй бага. Ялангуяа, тарифын хязгаарлалт багатай. Одоо бидний өмнө тулгамдаж буй асуудал бол тарифын бус хязгаарлалт болон хил гаалийн дэд бүтцийн саатлууд. Өмнийн говьд байгаа уул уурхайн томоохон компаниуд хүчин чадлын хувьд илүү ихийг экспортлох боломжтой. Нөгөө талд зах зээлийн хэрэгцээ нь байна. Гагцхүү уурхайгаас хэрэглэгч хүртэлх бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудал гол бэрхшээл болж байгаа. Эдгээр асуудлыг ойрын хугацаанд шийдэхээр Засгийн газрын түвшинд яригдаж байна. Мөн төмөр замын бүтээн байгуулалт, шинээр баригдах Ханги-Мандалын боомт болон шивээхүрэнгийн боомт дээр шинэ гарц гаргах асуудал яригдаж байна. Эдгээрийг хурдацтай шийдэж чадвал хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг сайжруулах бүрэн боломжтой. Ер нь өмнөд хөршийн хэрэглээ сайн байна. дээр нь 2022 оны өвлийн олимп ч гэсэн хэрэглээг тодорхой хэмжээгээр бий болгох магадлалтай.
• Бидний өмнө тулгамдаж буй асуудал бол тарифын бус хязгаарлалт болон хил гаалийн дэд бүтцийн саатлууд.
• Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварыг аль болох дарамт, чирэгдэлгүй байлгах бодлого баримталж байгаа.
• Энэ онд төсвийн тодотгол хийхгүй, батлагдсан төсвийнхөө хүрээнд л санхүүжилт хийнэ.
-2020 он хүртэл манай дотоодын эрэлт энэ тоог даахуйц хангалттай хэмжээнд байж чадах болов уу. Нөгөө талаар хятадтай хийх худалдаагаа нэмэгдүүлж, бусад орноос импортолдог бүтээгдэхүүнээс татгалзвал нэг улсаас хамаарах байдал улам нэмэгдэх юм биш үү гэсэн болгоомжлол бий?
-Худалдааны эргэлт гэдэг экспорт, импорт аль аль нь гэсэн үг. Зөвхөн импорт гэсэн үг биш л дээ. Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хамгийн гол боломж. Ялангуяа, ойрын хугацаанд. Мэдээж дунд, урт хугацаандаа нэмүү өртөг шингэсэн, хөдөө аж ахуй зэрэг бусад салбарын бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Тэгэхээр ойрын хугацаанд бидний экспортыг хамгийн их нэмэгдүүлэх боломж нь төмрийн хүдэр, нүүрс, зэсийн баяжмал гэж ойлгож болно.
-УИХ-ын хаврын чуулганаар татварын хуульд өөрчлөлт оруулах асуудал их яригдсан. Цаашид татварын орчин ямар байдлаар өөрчлөгдөх бол. бизнесийнхэн ямар бодолтой байна вэ?
-Монгол татварын хувьд тааламжтай орны тоонд орно. Ялангуяа, аж ахуйн нэгжийнхувьд. Одоогоор төсвийн орлогын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх татварын хувь 24-25 орчим байгаа. Олон улсын байгууллагууд үүнийг зохистой түвшин гэж үздэг. Цаашдаа татвар нэмэгдүүлэх зорилт байхгүй. Харин жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварыг аль болох дарамт, чирэгдэлгүй байлгах бодлого баримталж байгаа. 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ч гэсэн ДНБ-д эзлэх татварын орлогын хувь 25 орчим байх төлөвтэй. Энэ сард Засгийн газар ирэх оны төсвөө УИХ-д өргөн барина. Энэ үеэр төсвийн орлого, зарлагын үзүүлэлтүүд илүү тодорхой гарч ирнэ. Бидний хувьд энэ онд төсвийн алдагдлыг найм, ирэх онд зургаан хувь болгох зорилт тавиад ажиллаж байгаа.
-Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр төсвийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлөх үү. Мөн цаашид цалинг илүү их хэмжээгээр нэмэх бодит боломж байгаа юу?
-Цалингийн асуудлыг сүүлийн хоёр жилийн турш ярилаа. төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх бодитой шаардлага бий. Ялангуяа, бага цалин хөлстэй сувилагч, эмч, багш нарынхыг. Энэ шаардлагын хүрээнд Засгийн газар, Монголбанкны түвшинд ОУВС-тай хавраас хойш ярилцсан. Одоогоор ОУВС-гийн ажлын хэсэгтэй хоёр асуудлаар ойлголцолд хүрснийг Сангийн сайд хэлсэн. Нэгдүгээрт, хүүхдийн мөнгөний хамрагдалтыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, цалингийн нэмэгдлийг хавтгайруулалгүй, зөвхөн бага цалинтай хэсгийнхийг нэмэх. Энэ оны тухайд төсвийн тодотгол хийхгүй, батлагдсан төсвийнхөө хүрээнд л энэ санхүүжилтийг хийнэ. Харин ирэх оны төсөв дээр арай өөр бодлого орж ирэх байх.
-Төсөвт тодотгол хийхгүй байх гэлээ. Энэ бол ойрын жилүүд эд харагдаагүй өөрчлөлт гэж хэлж болох байх?
-2015, 2016 оны үед төсвийн алдагдал ДНБ-ий 40 хувьд хүрч байсан. Харин энэ онд 31-32 хувь хүрч буурахаар байгаа. ОУВС-гаас тавьж буй шаардлага, Засгийн газрын баримталж буй дунд хугацааны бодлого төсвийн сахилга батыг сахиулах, төсвийн бодлогоо зөв хэрэгжүүлэхэд чиглэж байгаа.
Эх сувралж: zgm.mn