Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 27.4 тэрбум ам.долларт хүрчээ
Сангийн яамны мэдээлснээр, Монгол Улсын Засгийн газрын өр 2017 оны эцсийн байдлаар 22.7 их наяд төгрөгтэй тэнцэж байв. Энэ нь өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 74.4 хувьд хүрсэн үзүүлэлт юм. Харин 2018 он гарснаас хойш Засгийн газрын өр 22 их наяд 642 тэрбум болж буурсан гэж салбарын яам нь мэдээлжээ. Өрийн хэмжээ буурснаар ДНБ-ий 63.4 хувьд хүрнэ гэсэн төсөөллийг дэвшүүлсэн байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т Засгийн өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 онд 58.3 хувь, 2016 онд 88 хувь, 2017 онд 85 хувь, 2018 онд 80 хувь, 2019 онд 75 хувь, 2020 онд 70 хувь, 2021 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан.
Өрийн хязгаарыг 2015 онд 58.3 хувь болгоход “Монгол Улс өрөндөө баригдлаа” хэмээн шоудаж явсан МАН засгийн эрхийг авсныхаа дараа хязгаарыг огцом нэмэгдүүлсэн байдаг. Үүнийгээ эдийн засгийн хүндрэлийн эсрэг цогц арга хэмжээ авахын тулд хуулинд өөрчлөлт оруулах замаар, гаднаас зээл босгох шаардлага үүссэн гэж тайлбарладаг билээ.
Ингэж 2015-2016 онд өрийн хязгаар даруй 30 хувиар тэлэх виз өвөртөлсөн байдаг. Улмаар дараачийн жилүүдэд 3-5 хувиар буух замаар 2020 оны сонгуулийн жил гэхэд 70 хувьд хүрсэн байх учиртай. Харин дараачийн Засгийн газар нь өрийн хязгаарыг шууд нэг жилийн дотор 60 хувь руу оруулах хүндхэн үүрэг хүлээхээр хуульчлагдсан юм.
Нэг ёсондоо сонгуулийн циклт энэ дөрвөн жилд өрийн хязгаарыг гэнэт 30 хувиар өсгөж, үүнийгээ 18 хувиар буулгах мэргэн арга хэрэгжиж байгаа билээ. Засгийн газрын өрийн ангиллыг доорх хүснэгтээр үзүүлэв.
Эх сурвалж: Сангийн яам
МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР 27.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР, ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР
22.6 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙНА
Одоо Монгол Улсын нийт гадаад өрийн талаарх мэдээллийг хүргэе. Монгол Улсын нийт гадаад өрөнд Засгийн газрын ба хувийн хэвшлийн гадаад зах зээлд тавьсан өрийн хэмжээг хамааруулан тооцдог. Энэ нь Засгийн газрын өрөөс ялгаатай ухагдахуун гэдгийг онцлъё.
Монголбанкны мэдээлснээр, Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2017 оны эцэст 27.4 тэрбум ам.долларт хүрсэн тоон үзүүлэлттэй гарчээ. Одоогоос 10 жилийн өмнө манай улсын гадаад өрийн хэмжээ 2.2 тэрбум ам.долларт хүрч, “өрөнд баригдлаа” гэгдэж байв. Гэтэл энэ тоон үзүүлэлт эдүгээ 12 дахин өсөөд байна.
Сангийн яамнаас хийсэн тооцооллоор 2017 оны эцсийн байдлаар Засгийн газрын 22.7 их наяд төгрөгийн гадаад өрийг 3 сая 182 мянган хүн амд хуваахаар НЭГ ХҮН-д 7.147.854 төгрөгийн өр ногдож байв.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сард ажлаа авах үедээ “Монгол Улсын нэг иргэнд 21 сая төгрөгийн өр ногдож байна” гэж мэдээлж байв. Энэ нь Монгол Улсын нийт гадаад өрийг иргэдийнхээ тоонд хуваасан барагцаа тоо юм. Эдгээр тоо холигдож уншигддаг тул зориуд ялган бичиж буйг анзаарч уншихыг хүсье.