Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар ДНБ-ий 20 хувийг ч эзэлж дийлэхгүй байна
Жижиг, дунд үйлдвэрлэлийг төрөөс дэмжинэ гэж яриад, тодорхой хөрөнгө мөнгө зээл хэлбэрээр гардаг ч, үйлдвэрлэл эрхлэгчид асуудал бэрхшээл ярьсан хэвээрээ байгаа. Ер нь төр үйлдвэрлэгчдэд тогтвортой ажиллах, урагшлах суурийг бүрдүүлж өгч чадаж байна уу гэдэг асуудал бий. Тэгвэл Санхүүгийн Зохицуулах Хорооноос олон улс дахь жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбоотой сонирхолтой мэдээллийг өгч байна.
Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн зургаан ажлын хэсэгт ажиллаж буй. Тэгвэл ажлын хэсгүүдийн нэг “Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилт” ажлын хэсгээс жижиг, дунд үйлдвэрлэлийн орчны талаар судалгаа хийн, үр дүнг танилцуулжээ. Судалгаанд Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гишүүн 23 орон хамрагдсаны дотор Монгол Улс багтсан байна. Судалгаанд хамрагдсан улсуудын 63 хувь нь ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих хуультай, зургаан хувь нь тусгайлсан хөтөлбөртэй, 80 хувь нь ЖДҮ-ийг тодорхойлохдоо ажилчдын тоо болон борлуулалтын орлогын хэмжээг шалгуур болгон авч үздэг гэсэн дүн гарчээ. Зарим цөөн тооны улс орон хөрөнгийн хэмжээг шалгуур болгодог байна.
Тухайн улс оронд ЖДҮ-ийн салбар дунджаар ДНБ-ий 42.2 хувийг эзэлж байгаа бөгөөд авч буй санхүүжилт улс орон бүрт харилцан адилгүй буюу 4.0-өөс 56.8 хувийн хооронд хэлбэлзсэн байна. Харин нийт санхүүжилтийн 10.2-оос 50.0 хувийг бизнесийн зээл эзэлдэг бөгөөд зээлийн барьцаа 63.8-251.4 хувийн харьцаатай байгаа юм. Дээрх харилцан адилгүй үр дүн гарсан нь улс орнуудын ЖДҮ-ийн хөгжлийн талаар баримталж буй бодлого, ЖДҮ-ийн хууль, эрх зүйн орчин, ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн боловсрол зэрэг ерөнхий үзүүлэлтүүд харилцан адилгүй байгаатай холбоотой байна. Тухайлбал, Тайланд улсад ойролцоогоор 3 сая гаруй ЖДҮ-ийн байгууллага бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээр нь ДНБ-ийх нь 42 хувийг бүрдүүлж, 12 сая орчим ажлын байрыг бий болгодог бол манай улсад ЖДҮ нийт ААН-ийн 78 хувийг, нийт ажиллах хүчний 57 хувийг, ДНБ-ний 17.8 хувийг тус тус эзэлж байна.
Улс орон хөгжихийн тулд жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой гэж улстөрчид ярьдаг ч, өнөөдрийн тухайд ДБН-ий 20 хувийг ч эзлэж дийлэхгүй байна. Томоохон төслүүдээс ашиг хүртэх тухай яриатай зэрэгцэн хийгдэж байх ёстой зүйл бол жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын бодит өсөлт байх учиртай юм.