Хэвтэж буй 200 тэрбум төгрөг
Чинээлэг хэмээх чимгийг сүүлийн хэдэн жил зүүж ирсэн Катар улс дэлхийн баян орны титмээ мөдхөн алдаж мэдэх нь. Алдрын энэ титмийг нь адил тивд оршдог арлын жижигхээн Макао залгамжилна гэж ОУВС таамаглаж байна. 2020 он гэхэд Хятадын тусгай бүс болох Макаогийн нэг хүнд ногдох ДНБ 142 мянган ам.долларт хүрч, Катарын үзүүлэлтийг ардаа орхино. Ингэснээр дэлхийн газрын зурагт цэг мэт харагддаг энэ арал манай гарагийн хамгийн чинээлэг иргэдтэй засаг захиргаа болох нь.
2001 оноос хойш гурав дахин өссөн Макаогийн нэг хүнд ногдох ДНБ 2023 онд 170 мянган ам.долларыг давж, бусдаас илт давуу тасарч эхлэхээр байгааг тайландаа дурджээ. Тэгвэл Португалын колончлолд бараг хагас мянганыг үдсэн энэ арлыг дэлхийн хамгийн чинээлэг засаг захиргаа болно гэж хэр олон хүн төсөөлж байсан бол. Харин өдгөө иргэндээ эдлүүлсэн эдийн засгийн өгөөжөөрөө энэ бүс дэлхийг манлайлахад ойрхон байна. Харийн харц дор хэдэн зууныг үдсэн Макаог юу ингэтэл нь хөрөнгөжүүлчихэв?.
Газрын хэвлийн баялаг, өргөн уудам үржил шимт хөрс зэрэг эдийн засгийн заяагдмал боломжоор хомсхон энэ арлынхан эдийн засгаа эрт чөлөөлж, үйлчилгээ дагасан аялал жуулчлалыг түрүүлж хөгжүүлсэн. Энэ нь эдүгээ тэднийг тосонд умбаж, торгонд хөлбөрөхөд хүргээд байна. Товчхондоо, мөнгө далладаг казино Макаод орлого дуудсан нь энэ. Өнөөдөр уг тусгай бүс төсвийн орлогынхоо бараг талыг зөвхөн казино дагасан мөнгөнөөс олж байна. Өнгөрсөн онд уг салбарын орлого 15 хувиар өсөж, 33 тэрбум ам.долларт хүрчээ.
Энэ бол манай улсын ДНБ-ийг гурав нугалсан дүн. Зөвхөн зүүн Азийн буйдхан арал Макао гэлтгүй агуу Америкийн Лас Вегас, Невада зэрэг том муж хот, Сингапур, Франц, Австрали зэрэг хүчирхэг улс орнууд хүртэл казино, түүнийг дагасан аялал жуулчлалаар эдийн засгаа тэжээн тэтгэж байна. Бидний битүүхэндээ бишүүрхэж, хэрдээ халгадаг энэ салбар өнөөдөр улс орнуудад мөнгөний бороо асгасаар. Биднийг казино тойрон 30-аад жил дотроо маргаж, мэтгэлцэж суух зуур бүс нутгийн Австрали, БНСУ, Камбож, Мьянмар, Филиппин, Сингапур зэрэг улс казино байгуулж, мөнгөний үүд хаалгаа цэлийтэл нээчихсэн.
• Өнгөрсөн онд Макаогийн казиногийн орлого 15 хувиар өсөж, 33 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ бол манай улсын ДНБ-ийг гурав нугалсан дүн.
• Энэ оны эхний хагас жилд монголчууд гадаадад аялахдаа 281.7 сая ам.доллар зарцуулсан байхад жуулчид манайд үүний ердөө талтай тэнцэх хэмжээний мөнгө өгөөд буцжээ.
• Биднийг казино тойрон 30-аад жил дотроо маргаж, мэтгэж суух зуур бүс нутгийн Австрали, БНСУ, Камбож, Мьянмар, Филиппин, Макао, Сингапур зэрэг улс казино байгуулж, мөнгөний үүдээ хаалгаа нээгээд байна.
Уг нь хууль журмыг нь мөрдөж чадвал казино бол бага чулуугаар ихийг доргиодог “шидтэй” мөнгөний уурхай. Гэтэл төв Азид бараг хамгийн анх казино хэмээн дуугарсан Монгол Улс байгуулсан ч юмгүй, байнга шахуу валютаар цангасаар өдий хүрч байна. Бид байсхийгээд л ам.долларгүйн гачланд унаж, байнга шахуу “ногоон”-ы ханшаас айдаг нь нууц биш. Түүхий эдээ зарж багахан валют олоод түүнийгээ буцаагаад өмд хувцас, машин техникээр сольсоор, уул уурхайгаас өөр түших зүйлгүй, үнэ дагаж унаж, өсдөг улс болчихлоо.
Бас болоогүй ээ, аялал жуулчлалыг хөгжүүлж, сая саяар жуулчин хүлээн авна гээд тэнгэрийн тоог төлөвлөгөөндөө зоочихсон. Гэсэн ч өнөөг хүртэл Монголыг зорих жуулчдын тоо дорвитой өссөнгүй. Хэзээ нэгэн цагт ашиг хүртэнэ хэмээн мөрөөддөг аялал жуулчлалын салбараасаа байнга алдагдал хүлээнэ. Энэ оны эхний хагас жилд монголчууд гадаадад аялахдаа 281.7 сая ам.доллар зарцуулсан байхад жуулчид манайд үүний ердөө талтай тэнцэх хэмжээний мөнгө өгөөд буцжээ. Сая жуулчин хүлээн авч, тэрбум тэрбумаар ашиг хүртэх том тунхаглал дэвшүүлчихээд эндээ шийр зугаа юмаар хөөцөлдсөөр суутал дэлхийн жуулчид Монголыг тойрсоор.
Ер нь ирсэн зочноо хаан мэт өргөмжлөөд, халаасыг сэгсэрч сурсан орнуудад зугаалж, цэнгэж үзсэн орчин цагийн жуулчид Монголд бэсрэг наадам, морь бөхөд хууртлаа юу. Гэтэл Улаанбаатартай тэнцэх газар нутагтай Сингапур улс жилд 20 сая орчим жуулчин хүлээн авч байна. Тив, дэлхийн ийм олон хүн шигүү суурьшсан Сингапурын өндөр барилга, өргөн замыг нь үзэх гэж тус улсыг зориогүй нь лавтай. Энэ оны эхний улиралд гэхэд Сингапур улс 1.1 тэрбум ам.долларыг казино дагасан аялал жуулчлалын салбараас халааслаад сууж байна. Гэтэл бид казино тойрон маргаж, мэтгэхээс өөр юу олов. 1990-ээд оноос хойш Монголд казино байгуулж бас байгуулахаар хэд хэдэн удаа оролдсон.
Гэхдээ бүтэлгүйтсээр өдий хүрсэн. Харин ч хилийн дээс алхахаараа төрийн түшээгээс эхлээд олон монгол хүн энэ тоглоомонд гар таталгүй тоглож, хувь, хувьсгалын хэдэн төгрөгөө алдсан жишээ тоймгүй. Өнгөрсөн онд гэхэд Казиногийн тухай хуулийн төслийг зүтгүүлээд, хэсэг хэрүүлийн алим болгоод дууссан. 2017 онд өргөн барьсан хуулийн төсөлд тусгаснаар Монгол иргэдэд хаалттай казино байгуулахаар зааж, урьдчилсан тооцоогоор казино байгуулснаар төсвийг жилд 120-150 тэрбум ам.доллараар тэтгэнэ. Бас Монголын эдийн засагт 200-250 орчим тэрбум төгрөгийн орлого авчирч, 1000 монгол хүнийг ажлын байраар хангах тооцоо бий.
Гэхдээ эдийн засгийн олон боломж дагуулдаг ч эргээд нийгэмд сөрөг нөлөө авчирдаг энэ “уурхайгаас” монголчууд “айдаг” нь үнэн. Мөрийтэй тоглоомын донтолт, гэр бүл салалт, гэмт хэрэг зэрэг нийгмийн олон сүүдэр казино дор нуугдаж байдаг. Гэхдээ энэ сүүдрийг сөхөж, ухаалгаар шийдсэн туршлага бий. Сингапур улсад гэхэд тус улсын иргэд казино байгуулах эрхгүй. Харин Малайзын бизнес эрхлэгчид тус улсад казино ажиллуулдаг. Малайзууд бүх эрсдэлийг нь үүрч, Сингапур улс өндөр татвар аваад, үр ашгийг нь хүртдэг. Бас Сингапурт жилдээ 20 мянган ам.доллараас илүү мөнгөөр тоглохыг зөвшөөрдөггүй байна. Энэ мэтээр эрсдэл багатайгаар шийдэж байна.
Монголчууд дэлхийн хамгийн хурдтай хөрөнгөжиж буй бүс нутагт, хөлжиж буй улстай хаяа залган оршиж байна. Хуулиар зөвшөөрөөгүй ч казино болон бусад мөрийтэй тоглоомын төвүүд Монголд хэдийнэ бий болсон. Байгалиа сэндийчиж, баялгаа ухаж буй Монголд казино бол мөнгөний бэлэн уурхай. Бидний хөгжүүлэх гэж ядаж цөхөж, яах ч учраа олохгүй байгаа аялал жуулчлалын салбарыг ганцхан казино сэвхийтэл босгоод ирнэ. Дагаад үзвэр үйлчилгээ, худалдаа цаашлаад тээврийн салбарт хүртэл том түлхэц болох нь дамжиггүй. Хэрвээ бид зүүн өмнөд Азийн орнууд шиг оновчтой зохицуулалт хийж, хууль журмаа ягштал сахиж чадвал Монголын эдийн засагт багаар бодоход 200 тэрбум төгрөг авчрах боломжтой хуулийн төсөл төрийн албаны шүүгээнд тоосонд дарагдаад хэвтэж байна. Наанадаж л монголчууд валютын гачланд унаж, ам.долларыг толгой дээрээ гаргахгүй.
Эх сурвалж: zgm.mn