“Ууланд төөрчихлөө, авраач” гэсэн дуудлагад хойрго хандсан онцгой байдал ямар хариуцлага хүлээх вэ?
Баянзүрх дүүргийн 11 хороо Богд уулын Цэцээ гүний оргилоос 1.6 км зайтай Тавцан гэх газраас нас бараад долоон сар орчим болчихсон эрэгтэй хүний цогцос олдсон талаар бид мэдээлсэн. Талийгаачийн цогцосыг самар түүж явсан хүүхдүүд олж “Толгой нь тасарсан хүн байна” гэх дуудлагыг цагдаад дуудлага байдаг. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн бие бүрэлдэхүүн очиж, хэргийн газарт ажиллажээ. Хэргийн газрын үзлэгээр талийгаач нь 29 настай, эрэгтэй Т.А болох нь тогтоогдсон байна. Одоогоор талийгаач Т.А-г ямар учир шалтгааны улмаас амиа алдсан гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Богд уулын Цэцээ гүний ойролцоо энэ оны хоёрдугаар сард төөрсөн аж. Тэрээр гар утасныхаа цэнгийг дуусахаас өмнө “Би Цэцээ гүний оргилоос холгүй төөрчихөөд байна. Авраач, тусламж ирүүлээч” гэж онцгой байдлыг утсанд дуудлага өгсөн гэдэг нь батлагдсан юм байна. Харин онцгойгийнхон үүнд хариуцлагагүй хандаж “Төв аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэнтэй холбогд” гээд орхисон гэх мэдээллийг эх сурвалж хэлж байгаа.
-ХОЁРДУГААР САРД “ЦЭЦЭЭ ГҮНД ТӨӨРЛӨӨ” ГЭСЭН ДУУДЛАГА БҮРТГЭГДЭЭГҮЙ”-
Бид энэ мэдээллийн мөрөөр хамгийн түрүүнд Төв аймгийн онцгой байдлын газартай холбогдож өнгөрсөн хоёрдугаар сард ирсэн дуудлагыг шүүлгэж үзэхэд “Цэцээ гүний ойролцоо төөрчихлөө гэсэн дуудлага бүртгэгдээгүй байна” гэх тайлбарыг өгсөн. Нийслэлийн онцгой байдлын газар ч гэсэн ийм л хариултыг хэлсэн. Талийгаачийг гадны ямар нэгэн нөлөөгүй, осгож амиа алдсан гэх шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт гараад байгаа. Тэгэхээр ид хийж бүтээх насан дээрээ явсан 29 настай талийгаач Т.А амьд гарах боломж байсан уу гэдэг асуулт гарч ирнэ.
Анхнаасаа эл асуудалд Онцгой байдал хойрго хайхрамжгүй хандсан гэдгийг долоон сарын орчимын дараа олдсон талийгаачийн цогцос батлаад өгөх байх. Идэр ёс тачигнаж байсан хоёрдугаар сард “Ууланд төөрчихлөө, авраач” хэмээн тусламж ирж байхад харьяа нутаг дэвсгэрийнхээ онцгой байдалд ханд гээд орхидог нь байж боломгүй зүйл. Үүнээс харахад манай төрийн байгууллагууд хоорондоо уяалдаа холбоогүй ажилдаг, асуудлыг бие бие рүүгээ шидэж эзэн холбогдогч нь олдоггүй замхардаг гаж тогтолцоотой болсон гэдгийг ард түмэн шүүмжлэх болсон.