З.Нарантуяа: Төсөв нэмэгдсэн ч зарим тал дээр байдал хэвээрээ байна
УИХ-ын гишүүн З.Нарантуяа Төрийн ордонд мэдээлэл хийж, Хүүхэд хамгааллын тухай болон хүүхдийн эрхийн тухай хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтууд болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, төсвийн зарцуулалтын талаар тодорхой мэдээлэл өгсөн.
Тэрбээр энэ үеэр “УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өмнө нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлагад хяналт тавихдаа ерөнхийд нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн өсөлт, бууралт, хэмнэлт, макро эдийн засгийн бодлогын үзүүлэлтүүдтэй уялдуулан дүгнэдэг болно. Одоо бодит гүйцэтгэлд хяналт тавих зарчимд шилжинэ. Түүнчлэн олон нийт, хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо их байх шаардлагатай байна. УИХ-ын чуулганы эхний нээлттэй хэлэлцүүлэг нь энэ сэдэв байх болно” хэмээлээ.
Мөнхүү “ХЗДХ-ийн сайдын багцад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс 1 тэрбум 800 сая төгрөг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлогын чиглэлд 130.8 сая төгрөг, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 240 сая төгрөг, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 84.5 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр 8 тэрбум гаруй төгрөг, хүүхэд хамгааллын тухай хууль, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж 6 тэрбум гаруй төгрөгийг хувиарласан байна. Өмнөх жилүүдэд байгаагүй их мөнгийг хүүхэд хамгааллын чиглэлд хувиарласан байна. Гэтэл бодит нөхцөл байдалд, хүүхэд хамгааллын асуудалд ахиц гараагүй. Ер нь зарим зүйлд төсөв нэмэгдсэн ч бодит байдал хэвээрээ байна” гэсэн юм.