Дотоод заслын зардлыг хасвал байрны үнэ 20-25 хувь буурна
Байрны үнийг 15-20 сая төгрөгөөр буулгах боломж бий. Чихэнд чимэгтэй ийм тооцоог салбарын яам санаж сэджээ. 80 сая төгрөгийн үнэтэй байрыг 60 саяд хүргэх энэ арга нь сэтгэлийн хөөрлөөр хийсэн цээж тооцоо биш, нарийн тооцоонд үндэслэсэн бодит шийдэл болохыг албаныхан сануулж байна. Ингэснээр орон сууцтай болох хүсэлтэй ч санхүүгийн чадавхаар сулхан иргэд, барилгаа барьж дууссан ч борлуулж гүйцээгүй компаниуд, иргэдээ тав тухтай орон байраар хангачих битүүхэн хүсэлтэй ч өнөө хэр шийдэж ядан буй төр засгийнхан гээд олон хүний хүсэл нэг дор биелэх боломжтой.
Сүүлийн хэдэн жил багасч буй ч өнөө хэр иргэдэд ахадсан хэвээр буй орон сууцны ам метрийн үнийг хүчээр буулгаж болохгүй нь ойлгомжтой. Учир нь үнэ, өртгийн цаана барилгын үндсэн карказ, чанар, аюулгүй байдал оршдог тул үнийн араас хэт хошуурах нь эрсдэлтэй хэмээн барилгын салбарынхан үздэг. Тиймээс барилгын их бие, араг ясыг нь хөндөлгүй, харин өнгөн хэсгийнх нь зардлыг зохицуулж, байрны үнийг 20-25 хувь бууруулах тооцоо гаргажээ.
Өөрөөр хэлбэл, орон сууцаа засаж, тохижуулах сонголтыг иргэдэд үлдээж, дотоод засалгүй байруудыг зах зээлд нийлүүлнэ гэсэн үг. Үүнийг дагаад дэд бүтцийн системд бүрэн холбогдсон орон сууц худалдан авах босго давах айл өрхийн тоо нэмэгдэх юм. Орон сууцны зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлээгүй эсвэл орлого нь хүрээгүйгээс зээлийн босго давахгүй сандарч яваа иргэдэд том боломж нээгдэх нь.
Цаашлаад үл хөдлөх хөрөнгөө өөрийн хүссэн өнгө, загвараар тохижуулах эрх ч иргэдэд давхар ирэх юм. 50 ам метр талбай бүхий орон сууцны ваннаас эхлээд шавар, замаск, эмульс, обой плита зэрэг дотоод заслыг хийх нийт өртөг нь 10-15 сая төгрөгт хүрнэ гэж энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэгч ярьж байна. Гэхдээ иргэдийн сонгож буй бараа материалын чанар, үнээс шалтгаалан энэ өртөг өсөж бас буурч болно. Иргэд дотор талыг нь засаагүй байр худалдаж авсан тохиолдолд өөрийн хэтэвчиндээ тохируулан тохижуулах боломж байдгийг тэрбээр нэмж хэлсэн юм. Орон сууцны нэгж талбайн дундаж үнэ өдгөө 1,650,000 сая төгрөгтэй тэнцэж байгаа.
Тэгвэл 50 ам метр талбай бүхий байрны дотоод заслыг хасч тооцвол энэхүү үнэ 1,200,000 болон буурна. Байрны нэгж талбайн үнийг нэг сая төгрөг болгож байж дундаж давхаргад илүү хүртээмжтэй болно гэж эдийн засагчид ярьдаг. Тэгвэл бүтэшгүй мэт санагдаж байсан зорилгод нэлээд дөхөж очихоор шийдэл байгаа биз. Хамгийн ойрын жишээ татахад, хятадад орон сууцны барилгыг дотоод засалгүй, ашиглалтад хүлээж авдаг байна.
Барилгын компани барилга угсралт, зам талбайн тохижилт, гадна фасадаа хийснээр тэдний ажил дуусна. Эрээнд ийм барилгын нэгж талбайн үнэ монгол мөнгөөр тооцвол дунджаар 800 мянган төгрөг байдаг. Энэ хэмжээнд хүргэдэггүй юм аа гэхэд ядаж сая төгрөг болговол орон сууцанд орох нь тийм ч холын мөрөөдөл биш болно. Яаж ч бодсон тухайн компани материал, түүхий эд, ажилчдын цалингаасаа том хэмнэлт хийж байна шүү дээ. Чухам энэ хэмнэлт байрны үнийг бууруулах хөшүүрэг болох учиртай. ийнхүү орон сууцны үнэ буурахаар иргэдийн авч буй зээлийн хэмжээ ч багасна. Ингэснээр зээлийн хугацаа хийгээд хүүгийн төлбөр буурч, иргэдийн нуруун дээрх ачаа хөнгөрнө гээд давуу тал их.
Дотоод засалгүй орон сууцыг ашиглалтад хүлээн авдаг болно
Барилгын компаниуд ч уг шийдлийг эсэргүүцэхгүй байгаа. Учир нь тэдний хэтэвчийг хөндөлгүйгээр бүтээгдэхүүнийх нь үнийг бууруулснаар борлуулалт нь нэмэгдэнэ. Хэдийнэ барьж ашиглалтад оруулсан атлаа өнөө хэр эзнээ хүлээж буй хоосон орон сууцнууд нь эдийн засгийн эргэлтэд орно. Мөн компаниуд барилга угсралтад зургаан сар зарцуулдаг бол дотоод заслын нарийн чимхлүүр ажлууд нь түүнээс дутахгүй хугацаа авдаг байна.
Тэгвэл барилгын компаниуд дотоод засал хийлгүйгээр, хүлээлгэн өгдөг болсноор тэдний байшин барьж, ашиглалтад оруулах хугацаа багасна. Энэ хэрээр аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн өртөг буурах сайн тал ч байгаа аж. Хавар эхлүүлсэн барилгыг заавал он дамжуулаад байхгүйгээр өвөл ашиглалтад оруулчихаж болно. 10 тэрбум төгрөгөөр хоёр блок орон сууц барих байсан бол гурван блок орон сууц барих боломжтой болно хэмээн олон жил барилга барьсан, мэргэжлийн хүн хэлж байна. Цаашлаад энэхүү шийдэл манай дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нэг хөшүүрэг болно. Учир нь монголд обой, паркет зэрэг материал үйлдвэрлэдэг томоохон үйлдвэр байдаггүй.
Тиймээс олон айлын орон сууцны хороолол ашиглалтад оруулахын тулд дотоод заслын бараа бүтээгдэхүүнээ импортоор авч таардаг. Тухайлбал, барилгын компаниуд дотоодоос ванн авах гэхээр хүчин чадал нь хүрдэггүй. Тиймээс урд хөршийг зорьдог. Харин өөрөө байраа тохижуулж буй айл өрх тавин ширхэг ванн үйлдвэрлэх хүчин чадалтай монголын үндэсний үйлдвэрээс очоод өөрийн хэрэгцээний ваннаа авах боломжтой хэмээн аж ахуйн нэгжүүд учирлаж байна.
Мөн иргэн өөрсдөө хийхээрээ илүү бүтээлчээр ханддаг байна. Энэ хэрээр тавилга, интерьер, заслын үйлчилгээний эрэлт өсөх аж. Орон сууц, барилгын салбарт богино хугацаанд үр дүнгээ өгөх ийм шийдэл биднийг хүлээсээр байна. Үүнийг шийдэхийн тулд орон сууцны тухай хууль болон холбогдох журмуудад өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна.
Барилга, хот байгуулалтын яам одоогоор холбогдох хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөдэнэ онд багтан өөрчлөлт оруулна гэж албаны эх сурвалж мэдээлэв. Бөмбөгөр цагаан гэрээ халуун устай байраар солих нь монгол хүний бүрийн мөрөөдөл болчихоод байгаа. Хот, хөдөөд нийт 339 мянган орон сууцны эрэлт бийг “тэнхлэг зууч” компани тооцсон.
Гэвч санаа байвч санхүүгийн чадамж нь байртай болох эсэхийг дэнсэлсээр байна. Зарим нэгний өдрийн бодол, шөнийн зүүд болсон гэхэд хилсдэхгүй орон сууцны асуудлыг нь шийдэхийн тулд ипотекийн зээлийг эрчимжүүлэх, үнийн ухаалаг хийгээд уян хатан бодлогыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.