Шүүх сайд асан З.Баянсэлэнгийг улсад 972 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж 9.6 саяар торголоо
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заагдсан гэмт үйлдлийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.
Түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгохоор шийдвэрлэсэн байна. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг байсан. Тэгэхээр УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 9.6 сая төгрөгөөр торгож байгаа аж. Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутган шүүсэн юм.
Шүүгдэгч Цагаан овогт Зангадын Баянсэлэнгэ, Боржигон овогт Миеэгомбын Болортуяа нарыг Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972,448,955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263. 2 дахь хэсэгт зааснаар
З.Баянсэлэнгийг төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгөөр торгох ялаар,
М.Болортуяаг төрийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.
972,448,955 төгрөгийг Бэрэн групп ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.