Банк санхүүгийн салбарт өөрийн авъяас чадварыг сорьж, өөрчлөлт шинэчлэлтийг авчрах хүсэлтэй, онцгой ур чадвар бүхий 20 төгсөгчийг Голомт банкинд “Залуу феллов”-оор ажиллах боломжийг нээж байна. Энэхүү хөтөлбөрт төгссөн мэргэжил харгалзахгүй ба санхүү, хууль, боловсрол, нийгмийн ухаан, инженер, IT, архитектур, газар тариалан, уул уурхай гээд аль ч чиглэлээр суралцаж төгссөн төгсөгчид хамрагдах боломжтой юм.
Хоёр жилийн хугацаанд үргэлжлэх тус хөтөлбөрт хамрагдагсад нь борлуулалт, үйлчилгээ, судалгаа анализ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэсэн хэсгүүдэд ээлжлэн ажиллана. Энэ хугацаанд сэтгэл зүйд суурилсан хөгжүүлэлт, ур чадварын сургалтуудад хамрагдах бөгөөд Монголын шилдэг захирлуудын чиглүүлэг дор хамтран ажиллах боломжийг бүрдүүлжээ.
Тус хөтөлбөрийн гол онцлог нь төгсөгчид Голомт банкинд ажиллаж эхлэхийн өмнө “Behavior Change” 10 хоногийн вакуум хөтөлбөрт хамрагдаж, амжилтад хүргэх хандлага, үйлдлүүдийг өөртөө төлөвшүүлэх юм.
Хөтөлбөрийн суурь шаардлага нь Монголын болон гадаадын их дээд сургуулийг бакалавр эсвэл магистр зэрэгтэй төгссөн байх, өндөр IQ эсвэл өндөрт EQ чадвартай байх юм. Бусдад туслах, бусдын өмнөөс зөв шийдвэр гаргах хандлагатай, хөгжлийн их үйлсийн нэг хэсэг болж, өөрийн ур чадвар, авьяас билгээ зориулах чин хүсэлтэй төгсөгч бүхэнд энэхүү сонгон шалгаруулалт нээлттэй юм байна.
Голомт банкны “Young Fellows Program”–ын бүртгэл 2018 оны 08-р сарын 18-ныг дуустал үргэлжлэх ба хөтөлбөрт оролцох сонирхолтой төгсөгч та www.golomtbank.com линкээр бүртгүүлэх боломжтой.