Хөгжихөд учир бий
“Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтууд сүр дуулиантай сүндэрлэн босохтой зэрэгцээд уг санаачилгын хормойд багтсан орнуудын өрийн хэмжээ чимээгүйхэн өндийж эхэллээ. Евразийг хэлхэх энэ хөтөлбөрийн дэд бүтцийн аварга төслүүдийг амилуулахын тулд үлэмж хэмжээний зээл авч эхэлсэн нь алсдаа улс орнуудыг өрийн занганд унагаж магадгүй нь. Нэгэн цагт Мөрөөдөл төдий байсан “Бүс ба зам” бодит болж эхэлсэн нь олон орныг баярлуулж буй.
Одоогоор уг санаачилгын хүрээнд нийт 4.5 тэрбум ам.долларын өртөг бүхий, найман төсөл бүрэн дуусчээ. Эдгээр төслийн дийлэнхийг урд хөршийн санхүүжилт бүхий урт хугацаат зээлээр хэрэгжүүлсэн байна. Энэ мэт их хэмжээний мөнгө, том бүтээн байгуулалт, сүржин нээлт, дэгжин тууз хайчлалт зэрэг бахдам үйл явдлын ард улс орнуудыг алсдаа өрийн гинжинд хүлэх зээлийн хэмжээ нэмэгдсээр байгаа юм. “Бүс ба зам”-ын төслүүд эрчтэй хэрэгжиж буй Шри Ланк улсаар жишээ авъя. Энэ улсын өр, зээлийн хэмжээ сүүлийн жилүүдэд өссөөр, өдгөө ДНБ-ийх нь 81.6 хувьтай тэнцэж байна. Ингэснээр тус улсын өрийн хэмжээ хөгжиж буй орнууд дунд толгой цохиж, олон улсын байгууллагуудын анхаарал татаж эхэлжээ.
Тус улсыг өр, зээлийн хэмжээгээ бууруулахыг Азийн хөгжлийн банк тэргүүтэй байгууллагууд анхааруулж буй. Шри Ланк улсын зөвхөн БНХАУ-д төлөх ёстой өрийн хэмжээ гэхэд найман тэрбум ам.долларт хүрчээ. Мөн энэ мөнгөний хүү нь дунджаар зургаан хувьтай байна. “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Шри Ланк улсын хамбантота боомтыг хөгжүүлж буй. 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй энэ төслийн эхний шатны бүтээн байгуулалтад 361 сая ам.доллар зарцуулжээ. Үүний дийлэнхийг Хятадын Экспорт импортын банк гаргасан.
БНХАУ ийн санхүүжилтийг нь даасныхаа хариуд эдгээр төсөлд тус улсын аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулж байгаа аж. Тэгвэл “Бүс ба зам”-ын Эдийн засгийн зургаан коридорын нэг нь дайрч буй Пакистан улсад ч ижил нөхцөл байдал үүсээд байна. БНХАУ, Пакистаны эдийн засгийн коридорын гол зангилаа нь арабын тэнгис дэх гвадарын боомтын бүтээн байгуулалт. Гэхдээ 2.4 тэрбум ам.долларын өртөг бүхий, боомтын бүтээн байгуулалт нь Пакистаны өрийн хэмжээг багагүй нэмэгдүүлэхээр байгаа аж.
“Энэ төсөл эргэлзээгүй Пакистанд эерэгээр нөлөөлөх хэдий ч түүнийг дагасан өр зээлийн хэмжээг анхаарахгүй орхиж боломгүй” хэмээн Пакистаны Бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ехсан Малик нэгэн олон улсын чуулганы үеэр хэлжээ. Гвадар боомтын бүтээн байгуулалтад одоогоор 123 сая ам.доллар зарцуулсны дийлэнхийг нь Хятад гаргажээ.Боомтын хэсэгчилсэн бүтээн байгуулалтад 1000 гаруй хүн ажиллаж буйн олонх нь Хятад иргэн аж. Мөн тус боомтыг 10 жилийн хугацаатай татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр БНХАУ-ын компаниудад түрээслүүлэхээр тохирсон байна.
Энэ нь тус улсын дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварт нөлөөлж болзошгүй гэж үзэх шинжээчид байгаа юм. “Бүс ба зам”-ын хүрээнд өрийн хямралд орчихоод буй дараагийн улс нь Лаос. 2016 онд ДНБ-ийх нь 68 хувьтай тэнцэж байсан тус улсын өр сүүлийн жилүүдэд өсөж, дээд цэгтээ тулсан. Ингэснээр Лаос дэлхийн банк болон ОУВС-гийн өрийн түвшин өндөр орнуудын жагсаалтад багтжээ. Түүнчлэн томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр төсвийн алдагдал нь нэмэгдсэн. 2016 онд ДНБ-ийх нь 4.6 хувьтай тэнцэж байсан төсвийн алдагдал нь 2017 онд 0.2 хувиар өссөн. Төсвийн алдагдал ийн тэлэхэд төмөр замын том төслүүд нөлөөлсөн гэж тус улсын эдийн засагчид тайлбарлаж байгаа юм.
Бахдам үзүүлэлтийн ард чимээгүйхэн өндийж буй нь өр зээл
Ийнхүү “Бүс ба зам” дагасан бахдам бүтээн байгуулалтын ард үлэмж хэмжээний өр, зээлийн хэмжээ нэмэгдсээр байна. Азийн хөгжлийн банкны судалгаагаар Ази тивд хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүдэд 2030 он хүртэл нийт 22.6 их наяд ам.долларын санхүүжилт шаардлагатай. Ялангуяа, Ази Европыг холбоход найман их наяд ам.долларын санхүүжилт нэхнэ гэсэн тооцоог ч урд хөршийн албаныхан танилцуулсан юм. “Бүс ба зам”-ын хүрээнд яригдаж буй эдгээр том тоо, их мөнгө нь хөгжиж буй орнуудад үлэмж хэмжээний өр үүсгэх нь. Гэтэл Хятадын санаачилсан уг хөтөлбөрт багтсан улсуудын дийлэнх нь хөгжиж буй орнууд.
Эдгээр улс нь дотоодын хуримтлал багатай учир сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлээс хямд санхүүжилт татаж, хөгжлийн хурдаа нэмэхээр зорьж буй орнууд юм. Өөрөөр хэлбэл, эдгээр улс нь өрийн дарамтаа хэдийнэ нэмчихсэн орнууд гэсэн үг. Гэтэл ийм эмзэг орнууд богино хугацаанд үр ашгаа буцааж өгдөггүй, өндөр өртөгтэй дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр өрийн дарамтад илүү өртөх эрсдэлтэй байна.
Цаашлаад хүчин чадлаасаа давсан төслүүдийн хөлд чирэгдэж магадгүйг азийн хөгжлийн банк анхааруулж байсан юм. Түүнчлэн “Бүс ба зам”-ыг дагаж “мэндэлсэн” санхүүгийн байгууллагуудын сүүлийн жилүүдэд олгосон олон тэрбум ам.долларын зээл ч улс орнуудын өрийг өөд нь татаж буй аж.
Өөрөөр хэлбэл, Зүүн болон төв Азийн хөгжиж буй орнууд “Бүс ба зам”-ын өндөр өсөлт, олон тэрбумын хөрөнгө оруулалт зэрэг хорхой хүргэм үзүүлэлтэд хөөрцөглөж болох ч түүний ард нуугдсан өрийн хэмжээг ч орхилгүй анхаарахыг олон улсын зарим шинжээч сануулж байна. Учир нь бахдам үзүүлэлтийн ард чимээгүйхэн өндийж буй өр зээл нь алсдаа улс орнуудыг хямралд оруулж магадгүй. Олон улсын “Глобал хөгжил” судалгааны төвөөс “Бүс ба зам” санаачилгыг хэрэгжүүлснээр 23 орны өрийн дарамт эрс нэмэгдэх магадлалтай гэж тооцжээ.
Үүнд тус санаачилгын зургаан коридорын нэг нь дайрч буй монгол улс багтсан байгаа нь анхаарал татаж байгаа юм. БНХАУ-ын “Зууны төсөл” хэмээн өргөмжилж буй энэ санаачилга монгол төдийгүй бүс нутгийн орнуудын эдийн засагт түлхэц болж, худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нь нэмэгдүүлж, олон талаар эерэг нөлөө үзүүлж болно. Гагцхүү эдгээр боломжийн ард нуугдсан өр хэмээх сүүдрийг харин анхааралтай ажиглах шаардлагатай байна.