Урсгал сөрсөн жолоочийн эрхийг гурван сараар хасч байна
Замын цагдаагийн албанаас өмнө нь урсгал сөрсөн, зөрчил гаргасан жолоочийн эрхийн үнэмлэхийг хурааж, хариуцлага тооцдог байсан. Тэгвэл энэ сарын 1-нээс урсгал сөрж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн эрхийг гурван сарын хугацаагаар хасдаг болоод байна.
Тодруулбал урсгал сөрсөн жолооч нарыг "Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч мөн 50.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ тооцож, газар дээр нь жолоочийн эрхийг түдгэлзүүлж үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Зөрчлийн тухай хуулиар гурван тохиолдолд жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасдаг. Үүнд:
-Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу дайвар багажаар үлээлгэхэд 0.9 хувиас дээш бүхэлтэй гарвал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаанд хасч, 400 нэгжээр торгоно. Зөрчлийг дахин гаргавал 7-30 хоног баривчилна.
-Замын хөдөлгөөнд оролцохдоо суурин газарт 60 км цагийн хурдаас, суурингийн гадна замд 80 км-ээс илүү хурдтай зорчиж, хурд хэтрүүлсэн тохиолдолд 6 сарын хугацаагаар жолоодох эрхийг түдгэлзүүлнэ.
-Урсгал сөрсөн тохиолдолд жолоодох эрхийг гурван сараар хасч, 50 нэгжээр торгоно.
Замын цагдаагийн алба хаагчид бэлэн бус торгуулийн багжаар эрхийг хасах аж. Улмаар түр хураах хэвлэн эрхийг түдгэлзүүлж, харьяа дүүргийн замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэл рүү шилжүүлдэг байна.
Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг 11 дүгээр сараас мөрдөж эхлэхээр болсон.
Дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Тухайлбал, хурдаас шалтгаалсан ослыг бууруулах үүднээс “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно" гэж заажээ. Мөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ. Сүүлийн үед хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох, дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явснаас осолд өртөх нь ихсэх хандлагатай байна. Иймээс зорчих хэсгээр явж байхдаа дээрх үйлдэл хийхийг хориглосон байна.
Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байх, “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхийг дүрэмд тусгажээ.
Мөн 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглох ажээ.