С.Ганбаяр: 14170 иргэний чанаргүй зээлийн мэдээллийг “хэвийн” ангилалд шилжүүллээ
Монголбанкны Хяналт, шалгалтын газрын ахлах хянан шалгагч С.Ганбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
- Зээлийн мэдээллийн сангаас зарим иргэдийн мэдээллийг хэвийн ангилал руу шилжүүлэх болсон байна. Энэ удаа ямар шаардлагыг хангасан хүмүүст боломж олгож байна вэ?
Өмнө Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А-60 дугаар тушаалаар зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа зээл, төлбөр (үүрэн холбооны оператор компаниудын) нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд ангилагдсан зээл, төлбөрийг “хэвийн” ангилалд шилжүүлэх арга хэмжээ авсан билээ. Дээрх тушаалд банк, санхүүгийн байгууллагаас санхүүгийн түрээсийн буюу лизингийн үйлчилгээ авсан иргэдийн мэдээлэл хамрагдаагүйтэй холбогдуулан өргөдөл, гомдол ихээхэн ирэх болсон. Иймд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар өмнөх нөхцөл, шаардлагыг хангасан зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа зээл, санхүүгийн түрээсийн төлбөр нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд ангилагдсан нийт 14170 иргэний санхүүгийн түрээсийн зээлийн мэдээллийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр“хэвийн” ангилалд шилжүүллээ.
- Монголбанк гурван ч удаа иргэдэд ийнхүү боломж олгож байна. Ерөнхий тавигддаг нөхцөл нь юу байв?
Ерөнхий тавигдах нөхцөлийн хүрээнд нэгдүгээрт дээр дурдсан өрхийн хэрэгцээнд санхүүгийн үйлчилгээ авч буй санхүүгийн хэрэглэгч-иргэдэд зөвхөн хамааралтай, хоёрдугаарт зээлийн мэдээллийн түүхэндээ зөвхөн нэг удаа хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх гэсэн хоёр нөхцөлийг тавьж байгаа.
- Зээлийн мэдээллийн сан нь тодорхой шалгууруудын дагуу мэдээллээ ангилдаг шүү дээ. Гэтэл Монголбанкнаас үе үе ингэж иргэдийн мэдээллийг хэвийн болгож байгаа нь ямар үндэслэл дээр тулгуурлаж хийгдэж байгаа ажил вэ?
Дэлхийн 2008 оны санхүүгийн хямралаас хойш аливаа эдийн засгийн хүндрэлд орсон улс орон тэргүүн ээлжинд хамгийн их хохирол хүлээдэг санхүүгийн хэрэглэгчийг дэмжих, эрхийг хамгаалах замаар эдийн засгийн уналтыг зогсоох,өсөлтийг хангах таатай орчинг бүрдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг болсон. Монгол улсын эдийн засаг 2015, 2016 онуудад нэлээд хүндрэлд орсон, иргэдийн санхүү төлөвлөлт, боловсрол дутмаг байдлаас үүдэн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн мэдээлэл ихэссэн. Иймд Монголбанкны зүгээс иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 2017 оноос хойш 2 удаа иргэдийн зээлийн мэдээллийн түүхэнд өөрчлөлт оруулах цаг үеийн шинж чанартай арга хэмжээ аваад байна.
-Энэхүү арга хэмжээ нь цаашид цаашид иргэдэд сөргөөр нөлөөлөх эсэхийг та бүхэн хэрхэн тооцоолж байгаа вэ? Тодруулбал, “өршөөгдөх” боломжтой юм байна гэсэн хүлээлтийг үүсгэх вий гэсэн болгоомжлол төрж байна?
Монгол улсад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголбанкны зээлийн мэдээллийн сан нь иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн хариуцлагатай байлгахад нөлөөлдөг чухал хөшүүргүүдийн нэг хэрэгсэл болж, зорилгоо хангалттай биелүүлж байгаа бөгөөд үйл ажиллагаа нь улам өргөжих хандлагатай байна. Монголбанкны зүгээс иргэдийн зээлийн мэдээллийн түүхэнд өөрчлөлт оруулах арга хэмжээ нь цаг үеийн шинж чанартай. Цаашид Монгол улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, эдийн засаг тогтворжих хандлагатай байгаа тул ийм төрлийн арга хэмжээнээс болон иргэдэд буруу хүлээлт бий болохоос зайлсхийх болно.