Дорнод аймгийн Баяндун сумаас арслан зааны соёо олджээ
Дорнод аймгийн Баяндун суманд байрлах нэгэн алтны уурхайгаас арслан зааны соёо олджээ. Уг олдворыг олсон иргэн Б.Одбаяр Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэж өгсөн байна.
Энэ талаар тодруулбал, Ховд аймгийн Мянгад сумын иргэн Б.Одбаяр Дорнод аймгийн Баяндун сумын уурхайд ажиллаж байхдаа арслан зааны соёо олжээ. Тэрбээр тус олдворыг олсон даруйдаа яахаа мэдэхгүй хадгалаад байсан аж.
Түүний найз өөрийн ах, Монголын архитекторуудын эвлэлийн Дорнод аймгийн салбарын тэргүүн Х.Одмандахад энэ талаар хэлсэн байна. Х.Одмандах “Нэн ховор амьтны соёо тул Монголынхоо үзмэр болгох нь зүйтэй” гэж үзэн, иргэн Б.Одбаярт Палеонтологийн хүрээлэнд хандахыг зөвлөжээ. Ийнхүү тэд энэ сарын 3-ны өдөр тус арслан зааны соёог Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэж өгсөн байна.
Иргэн Б.Одбаяраас арслан зааны соёо олдсон талаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Би өөрөө Ховд аймгийн Мянгад сумын иргэн. Дорнод аймгийн уурхайд түр хугацаагаар ажиллаж байсан юм. Одоо уурхай нь ажиллахгүй байгаа.
Арслан зааны соёог зургадугаар сарын 27-нд уурхайгаас олсон. Нэг том, хоёр жижиг соёо гарч ирсэн. Том нь 1 метр 20 см, хоёр жижиг нь 30, 30 см хэмжээтэй. Олсон даруйдаа хаана хандахаа мэдэхгүй нилээн удсан.
Монголын архитекторуудын эвлэлийн Дорнод аймгийн салбарын тэргүүн Х.Одмандах Палеонтологийн хүрээлэнтэй холбож өгч, Монголоос олдож байгаа ховор олдвор учир Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэж өгсөн юм. Олон жил газар дор байсан учир дотроо чийг нь нэвтрээд эмтэрч, гэмтэх аюултай байдаг гэсэн.
Хамаагүй задгай гаргаж болохгүй. Тийм болохоор Палеонтологийн хүрээлэнгийн хамгаалалтад авсан байгаа. Хүрээлэнгийн мэргэжилтнүүд 15-35 мянган жилийн өмнөх арслан зааны соёо байж магадгүй гэсэн. Гэхдээ яг тодорхой хариу гараагүй байна. Удахгүй судалгаа, шинжилгээ нь хийгдээд, бүх зүйл нь тогтоогдох байх” гэсэн юм.