Сайд асан З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзав
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад, улмаар шүүхэд шилжүүлээд буй юм. Эл хэргийг дэнслэх шүүх хурал өчигдөр 09:00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд товлогдсон байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Учир нь шүүгдэгч З.Баянсэлэнгэ тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг тэргүүтэй шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна.
УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй юм.