"Бодь-Голомт 2018" Асралт хайрхан чиглэлийн адал явдалт явган аялал
Хамт олон. Энэ үгний жинхэнэ утга учрыг мэдэрч, мөн чанарыг нь таньсан хүн л өглөө бүр ажилдаа яаран ирж, ажилдаа шунан дурлаж, өөрийгөө сорьж, амжилт үзүүлэхийн төлөө тэмүүлдэг бизээ. Тэгвэл энэ мэдрэмжийг нээх боломжийг олгодог Бодь Голомтын адал явдалт явган аялал нь энэ жил 24 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Банктайгаа нас чацуу тус аяллын маршрут нь жил бүр байгалийн үзэсгэлэнт газруудыг зорьдог бөгөөд энэ удаагийн аялал Асралт хайрхан чиглэлд нийт 100 гаруй км үргэлжилж, 110 аялагч хамрагдсан юм.
Голомт банк нь эдүгээ 2000 гаруй ажилтантай, 100 гаруй салбар тооцооны нэгжтэй. Хот, хөдөөгийн салбарт ажилладаг хүмүүс тэр бүр уулзаж, нөхөрлөөд байх боломжгүй. Тиймээс хамт олны халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, хоорондоо танилцах, ажлын уялдаа холбоог сайжруулах тэр л боломжийг энэхүү явган аялал олгодог. Энэ бол Голомт банкинд тогтсон байгууллагын соёлын нэгээхэн хэсэг юм.
Төвийн нэгжид ажилладаг том захирал ч бай, салбарт ажилладаг үйлчилгээний ажилтан ч бай ямар нэгэн албан тушаалын зааг ялгаагүйгээр нэг нэгнийгээ таньж мэдэн, ах дүү, анд нөхдийн холбоо тогтоож, хүн чанар, хүнлэг сэтгэлтэй нэгэн нь бусдынхаа хүндлэлийг хүлээдгээрээ онцлогтой билээ.
Монгол Улс “Борооны улирал”-тай болжээ гэсэн явган яриа энэ жил орж буй ихээхэн хэмжээний хур борооноос эхтэй. Хаа сайгүй л усархаг бороо цутгаж, үерийн гамшиг нэрвэж байгаа энэ үед анх 150 км үргэлжлэхээр төлөвлөгдөж байсан аяллын зам товчлогдож, 100 км байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг банкны удирдлага, зохион байгуулагчид гаргасан юм. Учир нь ямар ч тохиолдолд аялагчдын аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг билээ.
Саарал, ногоон, ягаан, хөх, бор зэрэг өнгөөр ялгагдсан нийт 9 багийн гишүүд хөнгөн хирнээ хамгийн дулаахан, авсаархан хирнээ хамгийн их хэрэг болох зүйлсээ цуглуулснаар аяллын бэлтгэл хангагдаж, 2018.07.25-ны өглөө аялалдаа гарсан юм.
Аяллын эхний өдөр. Хоол хүнс, үүргэвч, газан плиткагаа эн тэнцүү хуваан үүрсэн залуусын ачаа хүндхэн ч цаг агаар тогтуун сайхан, аялагчдын сэтгэл догдлонгуй. Үүргэвчээ үүрсэн эхний мөчөөс л хагас цэргийн зохион байгуулалтад орсон залуус нэг цуваанд орж, баг багаараа хуваагдан алхалтаа эхэллээ. 110 хүний 80 хувь нь анх удаа аялалд явж байгаа учраас туршлагатай аялагчид нь тэдэндээ зааж зөвлөж, дэм өгнө. Цуваанаас дураараа гарч, толгой мэдэн авирлах эрх хэнд ч байхгүй. Гол мөрөн таарлаа ч аяллын цувааг таслан гутлаа тайлан суух эрхгүй. Учир нь аялал амжилттай болох нь багийн хамтын ажиллагаа, зохион байгуулалтаас шалтгаалдаг билээ.
Аяллын удирдагчийн шүгэл тасхийлээ.
- Ашгүй үүргэвчтэй амралт. Өвдгөө тулан, тонгойх үест ачаа бага зэрэг хөнгөрөх мэт мэдрэмж төрөн, хэсэг хугацаанд бяцхан жаргалыг амсана. Хэдхэн минутын энэ амралт цааш алхах эрч хүчийг өгнө. Усны савандаа хийсэн үзэм, ааруулын шүүс нь хол замд алхах үед шөрмөс татах, ангах аюулаас аврана.
Аяллын удирдагчийн шүгэл дахин тасхийлээ.
- Явах цаг болжээ. Бүгд нэг цуваандаа орох үед, нуруунаас үүргэвч чангаана. Энэ л үед “БИ ЮУ ХИЙЧИХ НЬ ЭНЭ ВЭ?” гэсэн цорын ганц асуултыг өөртөө тавихад хүрдэг.
Өдийд би ажил дээрээ байсан бол сандал дээрээ зүгээр л сайхан суучихаад ажлаа л хийж байгаа. Хэрвээ би гэртээ байсан бол амарч байгаа. Дуртай үедээ халуун усанд орж, дуртай хоолоо идэж, цай, кофе ууж болох л байсан гэдэг бодол ээрэх ч нэгэнт аялалд гарсан бол буцах эрх хэнд ч байхгүй.
Аяллын удирдагчийн шүгэл гурвантаа тасхийлээ. Энэ бол цувааг таслахгүйн тулд багууд шахаж, хурдан алх гэсэн команд.
Ээ бурхан минь. Үүргэвч үүрчихээд өгсүүр газар гүйнэ гэдэг. Уулын жимийн хальтиргаатай зам дээр гулгавал доошоо хад асган дээгүүр өнхөрч ч мэдэх, хуйлран хүржигнэх хүчтэй урсгалтай голд олсоо л тавьчихвал, хөл алдах нь тодорхой үед багийн гишүүд л нэг нэгэндээ халуун гараа сунгаж, ачаа нь хүнд бол өөртөө авч, бие нь өвдсөн бол нэгнийгээ үүрээд л алхдаг юм. Аялал хүмүүст тэсвэр тэвчээр, хатуужил, нөхөрлөлийг өгдөг.
Хээрийн утаа амтагдсан бор цай, хөнгөнийг нь тооцоолж авсан борцтой будаатай шөл, гоймонтой шөл, борцтой гоймонтой хуурга, борцтой буудаатай хуурга, шуузалсан махтай цуйван бол аялагчдын хоолны цэс. Энэ хоолонд эхний өдөр л төмс лууван гээд ногоо харагдвал тансагт тооцогдоно. Түүнээс цааш өглөө, өдөр, орой хоолны цэс өөрчлөгдөхгүй. Дан гоймон авсан багийн гишүүн, 1кг гоймон 1 кг будаа хоёрын будаа нь хүнд гэсэн хариултыг өгч хошигносон ч түүх бий. Үнэхээр ч явган аялалд бүх зүйл хүнд. Харин аяллаас авдаг тэр л мэдрэмж татах хүчний тухай хуулийг хүчингүй болгож чаддаг ганц зүйл юм.
Тэнгэр аашаа хувиргаж, бороо шаагисан өдрүүд эхэллээ. Бүсэлхий давсан хүйтэн голыг арвантаа туулсан аялагчид үүргэвч үүрчихээд л шүршүүрт орж буй мэт мэдрэмжтэй алхана. Зам нь ч устай, гал нь ч уугиастай, майхан нь нэвтрээстэй, хувцас нь нойтон, мишок нь ч нойтон. Зарим нь бороон дуслыг далимдуулж гэрээ санаж уйлсан.../худлаа шүү/ Эмчийг дуудаж эвгүй гишгэсэн, шөрмөс нь татсан хөлөө бариулж, боолгож, цэврүүгээ оёж, оёулж, хуурай хувцас өмсөхийг мөрөөдөж...
Энд хүрээд та аялагчдыг их л зовж дээ гэж бодсон бол томоохон эндүүрэл юм. Баг хамт олноороо бороог ч үл ажран дуулж хуурдаж, хээрийн цай хоолоо амтархан идэж, халуун яриа өрнүүлж, нэгнийгээ явуулж, бас хэн нэгнийг нууцхан ширтэж, хайрлаж, уул өөд өгсөж уруудахад нь дэмжиж тусалж, усандаа, модондоо явж, байгалийн сайханд зургаа татуулж, “найруулсан” амин дэмээ хүртэж, дискодож, ганц үлдсэн чихрээ хувааж идсэн тэр л аз жаргалтай мөчүүд, хэзээ ч мартагдахгүй дурсамж бол “110 аялагчдынх” байсан юм.
Хэдийгээр зорьж очсон Асралт хайрхандаа өтгөн манан, усархаг борооны улмаас 110-уулаа золгож чадаагүй ч 18 туршлагатай аялагч маань хамт олныхоо хүсэл мөрөөдлийг дайж, сүслэн мөргөөд ирсэн билээ.
Халуун цай, хиамтай талх бэлдэж, галын наадам, явган аялагч болсныг жинхлэх ёслол, эрийн гурван наадам зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулсан угтагчдын багийнхандаа ч талархахгүй байхын аргагүй юм.
Угтагчдын багийн тавьсан Толин хулын тоосонд, хийморь сэргэх наадам... хэмээн эгшиглэх дуу хэдэн уулсын цаанаас ч тодоор сонсогдох. Энэ л мөчид энэ дуу ямар ч хүнд ачааг хөнгөлж, сэтгэл догдлуулж, аньсганд нулимс цийлэгнүүлж, өөрийгөө ялан дийлсэн мэдрэмж өгдөгийг Бодь Голомтын явган аялалд явж үзсэн хүн л мэднэ. Басхүү хамт олон, багийн хамтын ажиллагаа, өөрөөсөө давж бусдыгаа гэх хандлагын жинхэнэ утга учрыг чин сэтгэлээсээ мэдэрч, ойлгодог юм.
Эх орныхоо үзэсгэлэнт байгалийг яг л энэ хэвээр нь үр хойчдоо үлдээхийн тулд аялагчид нэг ширхэг ч хог үлдээхгүй ирдэг нь хүн бүрийн зүрх сэтгэлийг байгалийн сайхан соронзон мэт татдагийнх юм.
Тийм ээ. Бодь-Голомт 2018 Асралт хайрхан чиглэлийн адал явдалт явган аяллын дурсамжийг 110 аялагчид амжилттай бүтээгээд ирлээ.
Жил бүр зохион байгуулагддаг адал явдалт явган аялал нь Голомтчуудад эх орныхоо байгалийн сайхнаар бахдах, найз нөхөрлөлийн үнэ цэнийг ухааруулах, аяллын амтыг мэдрүүлэх тэр л боломжийг олгодог учраас монголд анх удаа “Монгол орны аяллын газрын зураг”-ийг бүтээсэн юм. Та ч бас аяллын газрын зургаа аваад сайхан аялахыг хүсье.
Хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамжийг бүтээдэг Бодь Голомтын адал явдалт явган аялал ирэх жил 25 дахь удаагаа зохион байгуулагдана. Ирэх жилийн наадам даан ч хол байна даа гэдэгчлэн дараа жилийн явган аяллыг сэтгэл догдлон хүлээх л үлдлээ.