Үхрийн цул мах дунджаар 10.520 төгрөгийн үнэтэй байна
Энэ долоо хоногийн сүүлчээр гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.9 хувь, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.9 хувиар буурсан байна.
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.3, үхрийн цул махны үнэ 0.1 хувиар буурсан харин ямааны ястай махны үнэ 6.0 хувь, адууны ястай махны үнэ 9.6 хувиар тус тус өссөн бол үхрийн ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 2.4 хувь, үхрийн ястай махны үнэ 6.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.2 хувь, адууны ястай махны үнэ 3.4 хувиар буурсан бол ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Тухайлбал, 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7340 төгрөг, үхрийн /ястай/ мах 8730 төгрөг, үхрийн цул мах 10520 төгрөг, адууны /ястай/ мах 6880 төгрөг, ямааны /ястай/ мах 5500 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Савласан дээдийн дээд гурилын үнэ өмнөх сараас 1.6 хувь, савласан дээд гурилын үнэ 0.9 хувиар өссөн бол задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.7 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 1.0 хувиар буурсан байна. Гурилын үнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад савласан 2-р зэргийн гурилын үнэ 1.1 хувиар буурсан байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сараас 2.5 хувиар буурсан бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй, элсэн чихрийн үнэ өмнөх сараас 2.7 хувь, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 23.1 хувь, луувангийн үнэ 13.0 хувиар өссөн бол, байцааны үнэ 16.0 хувь, хүрэн манжингын үнэ 13.6 хувь, сонгины үнэ 1.6 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 0.8 хувь, хүрэн манжингийн үнэ 27.9 хувь, байцааны үнэ 21.7 хувь, луувангийн үнэ 1.5 хувиар буурсан бол сонгины үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.6 хувь, задгай сүүний үнэ 20.2 хувь, “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.6 хувиар буурсан байлаа. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас 3.7 хувь, өмнөх 7 хоногынхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байлаа.