Монголчууд 3200 жилийн тэртээд адууны шүд эмчилж байжээ
Адууны шүдийг авснаар амгай зуулгаж, морь унан дайтахад хялбар болсон аж. Шинэ судалгаанд дурдсанаар Монголын нүүдэлчид 3200 жилийн тэртээ адууны зарим шүдийг авахыг оролдож байснаас үзэхэд тэд шинжлэх ухаанд мэдэгдсэн хамгийн анхны адууны шүдний эмч нар болж байна.
Адууны зарим шүдийг сугалж авах энэхүү эртний оролдлого цаашлаад залуу адууны арааны урдах шүдийг эрүүнээс авах арга болж уламжлагдсаныг археологич Уилляьм Тейлор болон түүний баг илрүүлсэн байна. Шүдний мэс ажилбарыг 2800 жилийн өмнө хийж эхэлсэн нь Монголд төмөр амгай нэвтэрсэн үетэй тохирч байна. Ингэснээр тэд морио залж жолоодоход дөхөм болсон гэж Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд бичжээ. Ийм ажилбар алс холын зайд аялж, Азийн суурин ард түмнүүдтэй морь унан дайтахад тус болсон аж.
Германы Жена дахь Макс Планкийн нэрэмжит хүний түүхийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Тейлор “Мал эмнэлгийн шүд ажилбар Евразийн их талд морь унан дайн хийхэд дөхөм болсон. Малчин нүүдэлчид төмөр амгай ашигласан нь унаа морь догшрох, өвчлөх гэх мэт дагалт хүндрэлээс сэргийлж чадсан байна” гэж бичжээ. Ялангуяа арааны чанх урд талын шүдийг авснаар амгайг чөлөөтэй хөдөлгөх, шүдийг өвтгөх буюу сулруулах боломж бий болжээ. Зурагт үзүүлснээр: Тейлорын баг хүрлийн үеийн Монгол морины 10 үлдвэрийн хоёроос нь урд шүдийг хөрөөдөж тайрсан маш нарийн ул мөр олжээ. 3200-2900 жилийн өмнөх үед хамаарах энэ хоёр шүд гажуудсан өнцгөөр ургасан нь зажлахад саад хийдэг байсан бололтой. Тэр үед адууг гаршуулан унаа хөсөгт ашиглах явдал ихэд дэлгэрч байжээ. Түүнчлэн 2800-1650 жилийн өмнөх үед хамаарах долоон адууны эрүүн дэх арааны өмнөх шүдний уг хоосон байгааг харж болно. Зургаан шүдний уг эдгэснээс үзэхэд шүдийг авсан буюу адууг үхэхээс өмнө шүд нь ямар нэг байдлаар алдагдсан гэж судлаачид дүгнэсэн байна.