Монголын дуулиант хэргүүд юу болов?
Г.Дэнзэнгийн хэргийг прокурорт буцаав
Г.Дэнзэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаав. Сануулахад, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан / ЗГХЭГ/ Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас анх шалгаж эхэлсэн байдаг. Түүнд Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм. 26-хан насандаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болсон тэрбээр 'Эрдэнэс МГЛ”, Төрийн банк, 'Эрдэнэс Тавантолгой”, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр давхар ажиллаж байв. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 'Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 17 тэрбумын тендерт тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дүүгийн охин, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэрийн компани ялалт байгуулсан болохыг илрүүлснээ мэдэгдсэн. Үүнээс эхэлсэн Г.Дэнзэнгийн 17 тэрбумын тендерийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.
Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг гадуур шалгаж байна
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг АТГ-аас мэдэгдсэн. Тэднийг 461 дүгээр хорих ангид тусгаарлах хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн аж. Ингээд прокурор үнэлэлт дүгнэлт өгөөд одоо гадуур шалгагдаж байна. Тэдний хилээр гарах, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглосон бөгөөд АТГ-аас дуудаж байцаалт, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна.
С.Баяр өөрөө АТГ-ын даргатай уулзах хүсэлт тавьсан
АТГ-ын дарга Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалтай танилцах эрхтэй байдаг аж. Энэ эрхийнхээ дагуу С.Баярын тавьсан хүсэлтийг Х.Энхжаргал хүлээн авч, прокурорын зөвшөөрөлтэй уулзжээ. Энэ үед С.Баяр шалгуулж буй хэрэгтэйгээ холбоотойгоор тодорхой асуудлуудыг нэмж шалгуулах хүсэлт тавьсан байна.
АТГ-аас 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөд бэлэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэх үйл явдалтай зэрэгцэн төрийн албыг зарж, 60 тэрбумыг босгох тухай бичлэг цацагдсан. Энэ асуудлыг АТГ-аас шалгаад, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлсэн байдаг. Учир нь нотлох баримт нь эх хувиараа байх ёстой гэдэг шаардлага хангаагүй, бүрэн хэрэгжсэн нь тогтоогдоогүй гэж АТГ үзжээ. Ингээд прокурорын байгууллага АТГ-ын саналыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Тэгвэл одоо УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ бичлэгтэй холбоотойгоор УИХ-ын чуулган дээр нээлттэй сонсгол явуулахыг хүсч байгаа. Хэрэв ээлжит бус чуулган хуралдвал АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгөхөд бэлэн гэж мэдэгдсэн юм.
С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргав
'Эрдэнэс Монгол'-ын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбоотойгоор, Сангийн сайд асан С.Баярцогтыг оффшор дансны асуудлаар 461 дүгээр хорих ангид саатуулаад байсан билээ. Харин өнгөрсөн зургадугаар сард тэдэнд хилийн хориг тавьж, батлан даалтад гаргав.
Харин Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын дарга байхдаа Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэж яллагдагчаар татаад байгаа юм. Түүнийг эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, өнгөрсөн тавдугаар сард батлан даалтад гаргасан
Ш.Батхүүг батлан даалтад гаргав
'Эрдэнэт' үйлдвэрээр баталгаа гаргуулж их хэмжээний зээл авсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүүг 461 дүгээр хориг ангид саатуулаад байсан. Гэвч түүний биеийн байдал нэлээд муудсан тул өнгөрсөн зургадугаар сард батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болсон билээ. Ш.Батхүү өндөр тунгаар инсулин тариулж байсан бөгөөд бөөр, тархины мэдрэлийн судсанд нь ноцтой өөрчлөлт гарч эхэлснийг эмч нар анхааруулжээ.