Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос "3х3" дэлхийн "Их дуулга"-ын тэмцээний онцлох 10 тамирчныг нэрлэхэд Монголын тамирчин Энхбатын Дөлгөөн уг жагсаалтын гуравдугаарт бичигджээ.
Спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татах болсон "3х3" сагсан бөмбөгийн спортын төрөл нь “Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтаад байгаа юм. Дээр дурдсан онцлох 10 тамирчныг нэрлэж байна.
- Душан Булут,
- Богдан Драгович,
- Энхбатын Дөлгөөн,
- Саймон Финцгар,
- Майкл Хикс,
- Натан Юрковиц,
- Карлис Ласманис,
- Деян Майсторович,
- Дэн Маврадид,
- Стефан Стоячич
FIBA-гийн танилцуулгад манай тамирчныг “Энхбатын Дөлгөөн бол Азийн тоглогчид 3х3 төрөлд Европын багуудын эсрэг ноёлж чадна гэдгийн баталгаа юм. Монголын тамирчин Чингис хаан шигээ багаа удирдан дэлхийн "Их дуулга"-ын финалд шалгарч чадах уу? Тийм ээ, тэр чадна. Тэр бол хаан” хэмээн бичжээ.
FIBA-гийн "3x3"-ын олимпийн эрхийн оноо олгох хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болох дэлхийн "Их дуулга" өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн юм. Канадын "3x3" "Их дуулга"-д манай "Улаанбаатар" баг есдүгээр байрт шалгарсан байна.
2018 онд есөн Их дуулга + WT FINAL тэмцээн болох бөгөөд одоогоор манай "Улаанбаатар" баг Японы Үцүномия болон Хятадын Ченгдугийн их дуулгад оролцох эрхтэй байгаа.
Японы Үцүномиягийн "Их дуулга" ирэх амралтын өдрүүдэд болох бөгөөд өнгөрсөн жил манай баг дөрөвдүгээр байрт шалгарсан хэмээн Монголын "3x3" сагсан бөмбөгийн холбооноос мэдээлж байна.