Шинэ ургац гарч эхэлсэн ч ногооны үнэ өндөр хэвээр байна
Лхагва гарагийн өглөө, 11.00 цаг, Барс зах. Нийслэлийн иргэдийн олноор үйлчлүүлдэг хүнсний бөөний худалдааны төв болох уг захын наймаачид тус тусын контейнераа хэдийнэ нээсэн байлаа. Бидний зорьж очсон төмс, хүнсний ногооны хэсэгт худалдан авагчид харьцангуй цөөн байв. Төмс, лууван тус бүр хоёр килограммыг авахаар жинлүүлж байсан нэгэн эмэгтэй “Шинэ ургац гарчихаад байхад хүнсний ногооны үнэ буухгүй байгааг гайхаж байна” хэмээн хэлэв. Тэрбээр нэг килограмм төмсийг 2000, лууванг 3000 төгрөгөөр худалдан авсан нь ийн бухимдахад хүргэжээ. Гэлээ гээд хятад ногоо худалдаж авах, эсвэл хүнсэндээ төмс, нарийн ногоо хэрэглэхгүй байх сонголт л түүнд үлдэх тул, үнэтэй ч гэсэн дотоодын ногоог ийн илүүд үзэв. Тус захын хүнсний ногооны хэсгээр үйлчлүүлж буй бусад иргэн дээрхийн адилаар толгой сэгсрэнгээ, тортой ногоогоо барьж одно.
Шинэ ургацын хүнсний ногоог өмнөх жилийн өдийнхтэй харьцуулахад 800-1000 төгрөгөөр илүү байв. Гэхдээ өнгөрсөн сард манжин 8000, байцаа 4000 байсныг бодоход шинэ ургацын ногооны үнэ уруудаж л явна. Ирэх сарын эхнээс нийлүүлэлтээ дагаад улам хямдрах биз гэж ногооны худалдаачид хэллээ. Яг ямар шалтгаанаар хүнсний ногооны үнэ өнгөрсөн жилийн өдийнхөөс үнэтэй байгааг тодруулахад “Шинэ ургацын ногоо гарч эхлэхдээ үнэ нь өсдөг. Наймдугаар сар гараад аяндаа бууна” гэхээс өөр шалтгаан хэлсэнгүй. Барс захын хувьд төмөр замтай ойр, хөдөө орон нутгаас ирж буй хүнсний бүтээгдэхүүнүүдийг бусад захаас харьцангуй хямд худалдаалдаг. Энэ нь ихэвчлэн төмөр замаар авчирсан байдаг тул, тээврийн зардал бага байдагтай холбоотой. Бусад хүнсний захуудын үнэ ч Барсынхаас ялгаагүй байгааг Хүчит шонхор, Таван-Эрдэнэ, Хархорин зэргийн үнэ ханшийн мэдээллээс харлаа.
Сүүлийн жилүүдийн дунджаас харахад манай улс жилд 130 мянга орчим тонн төмс тариалж дотоодын хэрэгцээг бараг 100 хувь хангадаг. Харин бусад хүнсний ногооны 60 гаруй хувийг дотооддоо нийлүүлж байгаа. Одоо бол олон шат дамжлагаар бус тариаланчдаас хүнсний ногоогоо шууд авдаг болсон. Бид бусад улс, оронтой харьцуулахад хүнсний ногоо бага хэрэглэдэг ард түмэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүнсний ногоо ихээр хэрэглэх нь эрүүл мэндэд тустайг ойлгож буй. Хүнсний ногооны үнэ харьцангуй өндөр байгаатай холбогдуулан энэ жилийн ургацын төлөвийг тодруулахад ХХААХҮЯ-нд хандахад “Урьдчилсан мэдээг одоохондоо хэлэхэд эрт” гэсэн тайлбарыг өглөө. Харин тариалалтын үеийн тайлангаас харахад улсын хэмжээнд төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д тариалаад байгаа аж.
Эх сурвалж: zgm.mn