Төгрөгийн ханш чангарч эхлэв
Төгрөгийн ханш чангарч эхэллээ. Сүүлийн нэг сар суларсан ам.доллартай харьцах төгрөгийн ханш зургадугаар сарын сүүлчээс эргэн сэргэж, одоогоор 2461 нэгжид хүрлээ. Ингэснээр сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд гурван нэгжээр чангарсан байна. 2012 оноос хойш суларч, 2016 онд ханшийн хямралд туулаад байсан төгрөгийн ханш 2017 оны есдүгээр сараас хойш эргэн сэргэж, голлох валютын эсрэг огцом чангарсан. Улмаар энэ оны хоёрдугаар сараас эхлэн ам.доллар, төгрөгийн хослол тогтворжоод байсан юм. Монголбанк баасан гарагт ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, 88.7 сая ам.доллар захад нийлүүлсэн юм. Түүнчлэн ОУВС-гийн Захирлуудын зөвлөл зургадугаар сарын 27-нд өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатыг эергээр үнэлж, санхүүжилтийг нь баталсан.
Ингэснээр 36.91 сая ам.долларын санхүүжилт өнгөрсөн сарын 29-нд Монголбанкны дансанд шилжсэн байна. ОУВС-гаас Монгол улсад олгосон санхүүжилтийн нийт дүн 184.55 сая ам.долларт хүрэв. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийсэн бол энэ онд нийт 836 сая ам.доллар Монголыг чиглэнэ. Төлбөрийн тэнцлийн нөхцөл байдал сайжирч валютын нөөц өсөж буй учраас төгрөгийн ханшийн ерөнхий хандлага харьцангуй тогтвортой байна гэж Монголбанкнаас үзэж байна. Бас манай гадаад худалдааны үзүүлэлт ашигтай байгааг мартаж болохгүй. Хэдийгээр энэ оны тавдугаар сарын байдлаар гадаад худалдааны ашиг өмнөх оныхоос буурсан ч Монгол улс 301 сая ам.долларын ашиг хүртээд байгаа юм.