Бельги-Бразилын шигшээ багийн халз тулаан Казань хотын “Казань арена” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар /2018.07.07/ шөнийн 02 цагт эхэлж, 2:1-ээр бельгичүүд хожиж хагас шигшээд өрсөлдөхөөр болов.
Эхний гоолыг тоглолтын 13 дахь минутад Бразилын Фернандиньо өөрийн хаалганд авто гоол хийснээр бельгичүүд 1:0-ээр тэргүүлж эхэлсэн. Харин тоглолтын 31 дэх минутад Кевин де Брюйне Бразилын хаалганд гоол оруулснаар 2:0-ээр Бельгийн шигшээ баг тэргүүллээ улам бататгасан юм.
Хүчирхэг энэ хоёр багийн сүүлийн хагасын 76 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Бразилын Ренато Аугусто анхны гоолыг оруулж багтаа итгэлийн галыг бадраасан. Харин бразилчууд сүүлийн 14 минут болон нэмэлт 5 минутад олон удаа довтолж тоглосон ч гоол оруулж чадалгүй цаг дуусч Бельгийн “Улаан чөтгөрүүд” 2:1-ээр ялалт байгуулав.