"ДАШТ-2018": Дэлхийн хамгийн үлгэр жишээ хөгжөөн дэмжигчдээр япончууд тодорлоо
Долдугаар сарын 2-нд Япон улсын үндэсний шигшээ баг Бельгийн шигшээд ялагдаж, ДАШТ-ээс хасагдсан билээ. Эхний хагаст япончууд 2: 0-ээр тэргүүлж байсан ч 20 минутын дотор гурван гоол алдаж, ялагдсан юм.
Хэдийгээр шөвгийн наймд үлдэж чадалгүй нутаг буцахаар болсон ч япончууд хаа ч явсан биеэ маш зөв авч явдаг үндэстэн гэдгээ харуулав. Японы шигшээ багийнхан хувцас солих өрөөгөө тоос ч үлдээлгүй цэвэрлэж, ДАШТ зохион байгуулж байгаа оросуудад зориулан "Баярлалаа" гэсэн бичиг үлдээжээ. Харин хөгжөөн дэмжигчид нь тэмцээн болсон цэнгэлдэх хүрээлэн доторх бүх хогийг түүсэн нь цахим ертөнцийнхнийг шуугиулсан юм.
Япончуудын энэ үйлдэл нь оросууд төдийгүй дэлхий нийтийн сэтгэлийг хөдөлгөж тэдний ажилсаг хичээнгүй занд бүгд талархсанаа илэрхийлж байв.
Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнг цэвэрлэж байсан анхны тохиолдол нь энэ биш юм. Тухайлбал, зургадугаар сарын 20-нд Колумбын үндэсний шигшээ багийг ялсны дараа Японы хөгжөөн дэмжигчид тоглолт болсон цэнгэлдэх хүрээлэнг мөн цэвэрлэсэн юм.
Энэ байдал нь япончуудыг дэлхийн хамгийн үлгэр жишээ хөгжөөн дэмжигчид болгосон бөгөөд тэдний үйлдлийг даган дуурайх хүмүүс ч мэр сэр гарч ирэх болсон байна.