Б.Эрдэнэхуяг: Банк өөрийн хөрөнгийн шаардлагаа хангаж чадахгүй тохиолдолд төр оролцоно
Монголбанкны хууль эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа.
-Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль батлагдлаа. Хуулийн гол зохицуулалтын талаар ярилцлагаа эхэлье?
-Монголбанкнаас хэрэгжүүлж буй банкны салбарын бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа нэг томоохон ажил нь энэ удаагийн хууль боллоо. Банк олон нийтээс төвлөрүүлсэн хөрөнгөөрөө зээл олгодог. Мөн олон нийт шаардсан тохиолдолд мөнгийг цаг тухайд нь өгөх чадвартай байх ёстой. Энэ чадварыг хангах хамгийн гол үзүүлэлт нь өөрийн хөрөнгийн шаардлага юм. Хуулийн зохицуулалтын хүрээнд өөрийн хөрөнгө дутагдсан банкуудад өөрийн хөрөнгөө нөхөх үүргийг өгч байна. Тодорхой хугацаанд банкууд шинээр хувьцаа гаргах, хөрөнгө оруулагч татах гэх зэргээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх ёстой. Өгөгдсөн хугацаанд банкууд өөрийн хөрөнгөө нөхөж чадахгүйд хүрвэл төр оролцож, олон нийтийн хөрөнгийн найдвартай, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Илүү тодорхой хэлбэл, хуулийн зохицуулалтаар өөрийн хөрөнгийг ямар хугацаанд, хэнээс, ямар хөрөнгөөр нөхөх вэ. Төр оролцсон тохиолдолд ямар нөхцөлтэй байх, төрийн хөрөнгийг хэрхэн удирдах, төр оруулсан хөрөнгөө хэрхэн буцааж татах вэ гэх зэрэг зохицуулалтыг нарийвчлан тусгаж өгсөн.
-Хуулийн төслийг хэлэлцэж эхлэх үед Монголбанкны зүгээс энэ хуулийг хэрэглэх шаардлага бараг гарахгүй байх гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр өнөөдрийн нөхцөлд ийм хууль гаргах зайлшгүй шаардлага байсан уу?
-Монголбанкнаас банкны салбарын бүтцийн өөрчлөлт хийх гол зорилго нь урт хугацаандаа Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөлийг бүрдүүлэх, үүний тулд өрийн тогтвортой байдлыг хангах, банк, санхүүгийн салбарын хүчтэй, тогтвортой байдлыг хадгалах ёстой. Банкны тогтвортой байх хамгийн гол шаардлага нь өөрийн хөрөнгийн шаардлага юм. Өөрийн хөрөнгөд эрсдэл учирсан тохиолдолд төв банкны макро эдийн засаг, мөнгөний бодлогын зорилт хэрэгжихэд хүндрэл учирна. Энэ хүндрэлийг гаргахгүй байх, тодорхой эрсдэл үүссэн тохиолдолд төр хэрхэн оролцох вэ гэдэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, тодорхой эрсдэл үүссэн тохиолдолд төр хэрхэн яаж оролцох вэ гэдэг зохицуулалтыг урьдчилан бий болгож өгч байгаа юм.
-Банкууд өөрийн хөрөнгөө нөхөж чадахгүйд хүрвэл хариуцлагын ямар механизм үйлчлэх бол?
-Хуулинд тусгагдсан хамгийн гол зарчим нь банкны одоо байгаа хувьцаа эзэмшигчид, удирдлагууд нь банкны активын удирдлага, эрсдэлийн удирдлагын тухайд өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл, банкинд гарсан алдагдлыг хувьцаа эзэмшигчид өөрсдөө хүлээнэ. Үүний дараа төр оролцоно гэдэг зарчим бий. Монголбанкнаас хийсэн активын чанарын үнэлгээгээр эрсдэлтэй гарсан, активуудын үнэ цэнэ буурсан тохиолдолд үүнийг өөрийн хөрөнгө, хувь нийлүүлэгчдийн хөрөнгөөс хорогдуулах замаар санхүүгийн хариуцлагыг хүлээлгэх юм. Банкны зүгээс ийм арга хэмжээ авсных нь дараа төр оролцоно. Тэгэхээр банкуудыг хариуцлагажуулахад хууль үр дүнгээ өгнө гэж харж байгаа.
-Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ одоогоор 50 тэрбум төгрөг байгаа. Цаашид нэмэгдэх үү?
-Банкны салбарын нийт актив сүүлийн жилүүдэд нэлээд өссөн. Тэр хэрээр бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөө зөв зохистой удирдах шаардлага нэмэгдэж байгаа. Мөн актив өсөхийн хэрээр банкны салбар эрсдэл даах чадвартай байх ёстой. Эрсдэл даах чадварын хамгийн гол үзүүлэлт нь өөрийн хөрөнгийн шаардлага юм. Өөрийн хөрөнгийн шаардлага дотор таны дурдсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ ч бас багтаж байгаа. Тэгэхээр банкуудын хариуцлага, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эрсдэл үүссэн тохиолдолд хувь нийлүүлсэн хөрөнгөөр дааж гарах шаардлагын үүднээс Монголбанк банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа.
-Банкны салбарын шинэчлэлийн хүрээнд нэлээд олон томоохон хуулиуд батлагдлаа. Дараагийн ээлжинд ямар ажил хүлээгдэж байна вэ?
-Энэ хуультай холбогдуулаад холбогдох журмууд гарна. Тухайлбал, банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийг ямар хэрэгслээр бүрдүүлэх вэ. Ямар үнэ цэнэтэй байх вэ. Хоёрдугаарт, төрөөс оролцсон тохиолдолд удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх, гуравдугаарт төрөөс оролцсон тохиолдолд Монголбанкнаас хийх хяналт, шалгалт ердийнхөөс илүү байх ёстой. Энэ бүх үйл ажиллагааг зохицуулах журмууд гарах юм. Ер нь бол Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн голлох суурь хуулиуд батлагдлаа. Хоёрдугаар шатанд Монголбанкнаас банкны салбарын дэд бүтэц, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны үйлчилгээг хүртээмжтэй болгох гэх зэрэг чиглэлийн хуулиуд боловсруулагдаад, зарим нь өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байна. Тухайлбал, валютын зохицуулалтын тухай хууль, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль зэргийг дурдаж болно.
-Ярилцанд баярлалаа.