"ДАШТ-2018": Оросууд испаничуудыг гэрт нь буцааж шөвгийн наймд үлдэв
Москва хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнд өнөө үдэш /2018.07.01/ манай цагаар 22 цагаас хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий 1/8 шигшээгийн Испани-Оросын тоглолт эхэлж, Оросууд багийн ахлагч, хаалгач Игорь Акинфеевийн ачаар 1:1 (4:3)-аар хожиж дуулиан тарьсан түүхэн ялалт байгуулав.
Энэхүү тоглолтын 12 дахь минутад Испанийн /С.Рамос/ булангийн цохилтоор Сергей Игнашевич өөрийн хаалгандаа авто гоол оруулснаар Испанийн шигшээ тэргүүлж эхэлсэн.
Харин 41 дэх минутад Испанийн Жерара Пикегийн гар бөмбөгт хүрсэнээр торгуулийн цохилтыг 11 метрээс Артем Зюба өшиглөж тэнцээний гоолыг оруулсан юм.
Испанийн шигшээ баг бөмбөг эзэмшилтийг ихэнх цагт гартаа авч тоглосон ч Оросын хаалганд гоол оруулж чадалгүй тоглолтын үндсэн 90 минутад /1:1/ тэнцээгээр өндөрлөсөн. Ингээд нэмэлт 30 минутыг сунгаж тоглосон ч испаничууд гоол хийж чадаагүй юм.
Харин энэ тоглолтыг шийдвэрлэх торгуулийн цохилтыг хийхэд Оросууд 4:3-аар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Испанийн шигшээ багаас Коке, Яго Аспас нар алдсанаар 2010 оны дэлхийн аварга испаничууд 2018 оны ДАШТ-ээ өндөрлүүлж, харамсалтайгаар гэртээ харихаар боллоо.
Энэхүү түүхэн тоглолтыг Испанийн хаан VI Филипп Москва хотноо хүрэлцэн ирж үзсэн бөгөөд түүнтэй хамт ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев шигшээ багийнхаа ялалт байгуулахыг харсан юм.