"ДАШТ-2018": Хорватууд Данийн шигшээг торгуулийн цохилтоор хожив
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээгийн Дани-Хорватын тоглолт ОХУ-ын Нижний Новгород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар 02 цагт эхэлж, Хорватын 1:1(3:2) ялалтаар өндөрлөв.
Хасагдах шатанд таарсан энэ хоёр улсын тоглолт дөнгөж эхлээд ганц минут болж байхад Данийн М.Йергенсен Томас Делейнийн дамжуулалтаар анхны гоолыг оруулсан бол Хорватын Манджукич 4 дэх минутад тэнцээний гоолыг хийж тэдний тулаан ширүүн өрсөлдөөнтэй болох эхлэлийг тавьсан боловч үндсэн цагт тэд дахин гоол хийж чадалгүй дуусгав.
Хоёр багийн нэмэлт 30 минутын 26 дахь минутад Хорватын талаас 11 метрээс торгуулийн цохилт хийх боломж олдож Лука Модрич цохилт хийсэн юм. Харин түүний цохилтыг хаалгач Шмейхель хааж багаа аварлаа.
Ингээд торгуулийн цохилтыг хийхэд 3:2-оор Хорватын /Иван Ракитич хожлын цохилт хийв/ шигшээ хожиж, долдугаар сарын 7-нд ¼ шигшээд ОХУ-ын шигшээ багтаа тоглохоор болов.