Засгийн газар 2018 оны зургадугаар сард 753.3 тэрбум төгрөгийн өр төлөв
Монгол Улсын Засгийн газар 2018 онд үндсэн төлбөр 2.6 их наяд, хүүгийн төлбөр 1.2 их наяд төгрөг буюу нийт 3.8 их наяд төгрөг төлөх шаардлагатай юм.
Үүнээс 6-р дугаар сард хамгийн өндөр ачаалалтай, 753.3 тэрбум төгрөгийн гадаад, дотоод өрийг хуваарийн дагуу төлж барагдуулав. Энэ нь дээрх нийт өрийн 20 хувь нь юм. Засгийн газар дээрх өрийг төлөхдөө төсөв , санхүүгийн үр ашигтай , оновчтой удирдлагыг хэрэгжүүлж арилжааны нөхцөлтэй өндөр хүүтэй өр, зээл тавихгүйгээр амжилттай шийдэж чадлаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
Барагдуулсан өрийн мэдээллийг дэлгэрэнгүй хүргэвэл:
1. 6-р сард барагдуулсан гадаад өрийн хэмжээ
· хөнгөлөлттэй гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт -27.6 тэрбум төгрөг
· 2012 онд гаргасан 1 тэрбум ам.долларын Чингис бондын хүүгийн төлбөрт -61.8 тэрбум төгрөг
· 2015 онд гаргасан 1 тэрбум юанийн Дим Сам бондын эцсийн төлбөрт -370.5 тэрбум төгрөг
Бүгд - 459.9 тэрбум төгрөг
2. 6-р сард барагдуулсан дотоод өрийн хэмжээ
· Төсвийн алдагдал, Сайн малчин , сайн хувьцаа хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан үнэт цааснуудын эргэн төлөлтөд -293.4 тэрбум төгрөг
Бүгд -293.4 тэрбум төгрөг
Нийт 753.3 тэрбум төгрөг
Нийтдээ энэ сард урьдчилсан гүйцэтгэлээр 753.3 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлж байгаа нь цагаар тооцвол Засгийн газар бүтэн сарын турш цаг тутамд нэг тэрбум төгрөгийн өр төлжээ.
Ийнхүү 2017 оны эцэст 22.7 их наяд төгрөг байсан Монгол Улсын Засгийн газрын өр 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж буурлаа. Мөн 500 сая ам долларын Чингис бонд болон Дим Сам бондын төлбөрүүдийг бүрэн барагдуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.