Польш-Колумбын тоглолт “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнийн 02 цагаас эхэлж, 3:0-ээр Колумбын шигшээ илүүрхэн хожлоо.
Оросын хөлбөмбөгийн премьер лигийн “Рубин Казань” клубын мэдэлд байдаг уг цэнгэлдэх хүрээлэнд энэ ДАШТ-ий таван тоглолтыг зохион байгуулахаас ийнхүү гурав дахь нь болов.
Тоглолтын эхний хагасын 40 дэх минутад хамгаалагч Иерри Мина анхны гоол оруулж колумбчууд хошуучилж эхэлсэн юм. Улмаар хоёрдугаар үеийн 70 дахь минутад хагас хамгаалагч Радамель Фалькао Польшийн хаалганд хоёр дахь гоолыг хийсэн бол довтлогч Хуан Куардадо 75 дахь минутад дахин гоол оруулж 3:0-ээр Колумбын шигшээ баг хожлын 3 оноог баталгаатай авч чадлаа.
Энэ хоёр баг эхний тоглолтод хоёул хожигдсон учраас энэ удаа хожил авч чадаагүй нь тэмцээнийг орхин нутаг буцах юм. Польшийн шигшээ баг Европын бүсийн сонгон шалгаруулалтын “F” хэсэгт Дани, Румын, Армени, Монтенегро, Казахстан улсуудтай өрсөлдсөн хэсгээ тэргүүлснээр ОХУ-д ирж тоглох эрхээ авсан билээ.
Польшийн шигшээ баг 1970-1980-аад онд ДАШТ-д маш амжилттай тоглож байв. Тухайлбал, довтлогч Г.Лятогоор удирдуулсан Польшийн шигшээ баг 1974, 1982 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа. Харин 2002, 2006 онд ДАШТ-д хэсгээс гараагүй юм. Тэгвэл 2018 оны ДАШТ-ий эхний тоглолтод Сенегалд хожигдсон польшууд энэ удаа дахин Колумбад 3:0-ээр хожигдлоо.
Япон, Сенегалын шигшээ багууд адилхан 4 оноотой (1 хожил, 1 тэнцээ) байгаа бол Колумбын шигшээ 3 оноо (1 хожил, хожигдолтой)-той байна. Харин Польш хоёр дараалан хожигдож гэртээ харихаар болов.