Гадаад худалдааны эргэлт 1.1 тэрбум ам.доллароор өсөв
Монгол Улс 2018 оны эхний таван сард дэлхийн 131 улстай худалдаа хийжээ. Ингэснээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.1 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 2.9, импорт 2.2 тэрбум ам.доллартой дүйв. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өсчээ. Үүнээс экспорт 379.3, импорт 681.1 сая ам.доллароор өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны эхний таван сард нэг тэрбум ам.долларын ашигтай байсан. Тэгвэл энэ удаад 706.4 сая ам.долларын ашигтай гарчээ. Экспорт 379.3 сая ам.доллароор өсөхөд эрдэс түүхий эдийнх 371.9, нэхмэл бүтээгдэхүүнийх 15 саяар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин импорт 681.1 сая ам.доллароор өсөхөд дизель түлшнийх 65.3, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийнх 155.9, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 140, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийх 102.9 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв.
Эх сурвалж: unuudur.mn