Н.Баяртсайхан: Монголын банк санхүүгийн систем тогтвортой, айж сандраад байх зүйл байхгүй
Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хаалттай хэлэлцсэн. Уг хуулийн төслийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханаас тодрууллаа.
-Хуулийн төслийг яагаад хаалттай горимоор хэлэлцсэн юм бэ. Арилжааны банкуудын нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?
-Энэ хуулийг нууцлах шаардлага байхгүй. Хуулийн хэлэлцүүлгийн явцад харилцагчдын эрх ашиг хөндсөн зарим зүйл яригдах учраас хаалттай хэлэлцсэн. Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, банкны системийн тогтвортой байдлыг хангах. Цаашлаад Монголын эдийн засгийг хамгаалахын төлөө хийж байгаа ажил. Товчхондоо, 10, 20 жил хийгдээгүй байсан банкны салбарын шинэчлэл гэж ойлгож болно. Банкийг дахин хөрөнгөжүүлнэ гэдэг нэрээр төрийн мөнгийг банкуудад өгөх гэж байна гэж намайг маш их хардаж байгаа.
-Арилжааны банкуудын санхүүгийн систем тогтвортой байгаа гэж ойлгож болох уу?
-ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд банкны системд бүтцийн өөрчлөлт хийх заалт оруулсан. Банкийг эрүүлжүүлэх, хүчтэй болгох, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хамгаалах зорилготой юм. Банк эрүүл байвал санхүүгийн санхүүгийн систем эрүүл байна, түүгээд дагаад эдийн засаг эрүүлжинэ. Эдийн засаг эрүүл байвал нийгэм эрүүл байна. Тиймээс банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх ажлыг эхлүүлж байгаа. Бүтцийн өөрчлөлт хийхийн тулд манай банкуудын санхүүгийн чадавх ямар байна вэ гэдгийг тодорхойлсон. Үүнийг активийн чанарын үнэлгээ гэж нэрлэж байгаа. Активийн чанарын үнэлгээг хийлгэх гэж олон улсын тендер зарлаад Чехийн PWC гэдэг компанийг шалгаруулж 14 банкинд активийн чанарын үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний үр дүн үнэ бодит гарсан шүү. Манай банкууд боломжийн үйл ажиллагаа явуулж, санхүүгийн систем тогтвортой байгаа дүгнэлт гаргасан. Монголын банк санхүүгийн систем тогтвортой, айж сандраад байх зүйл байхгүй.
-Таван банк заасан хугацаанд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй тохиолдолд төр авна гэх юм. Төрд банкуудыг авах эдийн засгийн боломж бий юү?
-Засгийн газар бэлэн мөнгө оруулахгүй. Хувьцаа гаргана. Харин гаргасан хувьцаагаа Засгийн газар таван жилийн дотор буцааж борлуулаад оруулсан мөнгөө олж авна. Одоо банкны хувьцаа эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдэд буцаагаад Засгийн газрын хувьцаа авч болно. Мөн дотоод, гадаадын зах зээлд санал болгоно. Ийм байдлаар Засгийн газар оруулсан хувьцаагаа мөнгөжүүлээд авчих юм. Активийн чанарын үнэлгээгээр дутагдсан 511 тэрбум төгрөг манай улсын ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэх хэмжээний бага мөнгө.
-14 банкны дахин хөрөнгөжүүлэх шаардлага үүссэн гэсэн үг үү. Энэ асуудал олон нийтийн сүлжээнд багагүй маргаан дагуулж байх шиг..?
-Үгүй ээ. Таван банкин дээр өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчид буюу харилцагчдын мөнгийг тодорхой хэмжээгээр дутаасан гэсэн үг. Нийт 511 тэрбум төгрөгийн дутагдал гарсан. Тиймээс энэ таван банкинд энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор дутагдаж байгаа өөрийн хөрөнгөө гүйцээ гэдэг даалгавар өгсөн. Өөрийн хөрөнгөө гүйцээх олон арга зам бий. Тухайлбал, гаднаас хөрөнгө оруулалт олж ирэх, хувьцааныхаа тодорхой хэсгийг зараад хувьцаа эзэмшигчдийнхээ тоог нэмэх, чанаргүй зээлээ буцааж төлүүлэх гэх мэт олон арга зам байгаа. Манай банкууд ерөнхийдөө ажилдаа орчихлоо. Монголын банкны салбарын нийт актив 28 их наяд төгрөг. Үүнтэй харьцуулахад 511 тэрбум төгрөг их мөнгө биш. Манай банкууд энэ ондоо багтаад дутагдаж байгаа өөрийн хөрөнгөө нөхөж гүйцээх байх.
-Заасан хугацаанд хөрөнгөө нөхөж чадахгүй бол яах вэ?
-Нөхөж гүйцээхгүй бол Банкны тухай хуулиар тухайн банкуудад албадлагын арга хэмжээ авч эхэлнэ. Тодруулбал, банкны бүрэн эрхт төлөөлөгч томилоод зургаан сарын хугацаатай төлөвлөгөө гаргаад тухайн банкийг аврах үйл ажиллагаа явуулна. Нэг үгээр хэлбэл, одоо банкийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид банкны удирдлагаа Монголбанкинд алдана гэсэн үг. Аврах үйл ажиллагаа явуулаад өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж чадахгүй бол банкийг дампууруулах хүртэл арга хэмжээ авах эрх Монголбанкинд байгаа. Үүнийг манай банкууд бүгд ойлгочихсон учраас хөрөнгө, мөнгөний эрэлд маш эрчтэй явж байна. Банкийг дахин санхүүжүүлэх хууль нь системийн ач холбогдолтой банкинд зориулсан хууль. Системийн ач холбогдолтой банк гэдэг нь том банкуудаа хэлж байгаа юм. Нийт банкны салбарын активийн таван хувиас дээш хөрөнгө мөнгийг эзэмшиж байгаа банкуудыг системийн ач холбогдолтой банк гэж нэрлэж байгаа. Хэрвээ системийн ач холбогдолтой банк дампуурвал манай хадгаламж эзэмшигчдийн мөнгө, харилцагчдын мөнгө байхгүй болно. Мөн санхүүгийн тогтвортой байдал Монгол орон даяар алдагдана. Нэг банк дампуурахад л түүнийг дагаад бүгд ганхах учраас бид том банкуудаа хамгаалах ёстой. Тиймээс Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулиар банкны хувьцаа эзэмшигчдэд маш том анхааруулга өгч байгаа.