Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт /2018.06.02/ “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг “Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.
Энэхүү барилдаанд манай улсын алдар цолтой бөхчүүдээс гадна БНХАУ-ын Өвөрмонгол, ОХУ-ын Тува, Буриадын бөхчүүд ирж, монгол туургатны бөхийн гурван төрлөөр барилдаан болов.
Тухайлбал, Монгол үндэсний бөх, Өвөрмонгол бөх, Буриад бөх гурван төрөл тус бүрд хүчит 128 бөх төв цэнгэлдэхийн ногоон дэвжээн дээр уран мэхээ уралдуулан, хүчээ сорин барилдлаа.
Үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Б.Бат-Өлзий, начин Т.Санчир тэргүүтэй бөхчүүд барилдсанаас улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн юм.
Харин ОХУ-ын Буриад, Тува улсаас 10 орчим бөх хүчээ сорихоор ирсэн юм. Монгол туургатны Буриад бөхийн барилдаанд аймгийн арслан Т.Бэгзсүрэн түрүүлж, сумын заан Өлзийсайхан үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцага Д.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Ц.Сандагдорж нар үлдсэн юм.