Сэрвээт сэлэлтийн дэлхийн 17 удаагийн аварга, Европын 13 удаагийн аварга, ЗХУ-ын долоон удаагийн аварга Шаварш Карапетян /Shavarsh Karapetyan/ хэмээх амьд домог болсон хүний гавьяа одоо ч яригдсаар байдаг.
Өдгөө 64 настай тэрбээр 1953 онд Армяны жижиг хотод төрсөн бөгөөд 23-хан насандаа 20 хүний амиар өөрийнхөө аугаа чадварыг сольсон юм. Шаваршийг 11-тэй байхад тэднийх нийслэл Ереван хот уруу нүүсэн. Шаварш нийслэл хотод ирээд усан спортын төрөлд үнэнхүү гайхагдаж, “хүн загас” гэх мэтээр нэрлэгдэж байв. Харамсалтай нь, тэрбээр дээрх бүх амжилтаа тогтоож, дэлхийн рекордыг 10 удаа шинэчлээд байхдаа гайт нэгэн явдлын улмаас их спортоо орхисон.
1
1976 оны намрын хүйтэн тэр нэгэн өглөө Шаварш дүү Камотайгаа /Камо сэрвээт сэлэлтээр хичээллэдэг/ хамт өглөө эрт гүйж байхдаа 92 зорчигчтой автобус жолоодлогоо алдан далангийн усанд унасан золгүй явдалтай таарсан юм. Автобус далангийн ханыг сэт цохин гол хэсгээрээ 25 метр хүрдэг далангийн усны 10 метрийн гүнд живжээ. Шаварш ослын газар ирсэн даруйдаа хүйтэн, харанхуй ус руу орж амьд хүнээс байж боломгүй их тэвчээр гаргаж 20 хүний амь аварсан юм. Хэдийгээр Шаварш үүнээс илүү хүнийг уснаас гаргасан ч 20 нь л амьдарсан.
2
Шаварш автобусны цонхыг хөлөөрөө хагалж, дотогш нэвтрэн хүмүүсийг нэг нэгээр нь усны мандал дээр гаргаж дүү Камодоо өгч байсан бөгөөд нэг хүнийг уснаас гаргахад 30-35 секунд зарцуулж байжээ. Ингэхдээ тэрбээр хүйтэн усанд хөшиж даарах, хагарсан шил шигдэж, зүсэгдэхийг үл тоон аль болох олон хүний амь аврахаар хичээсэн ба энэ явдлын дараа эмнэлэгт 45 хоног ухаангүй байсан юм. Хотын далангийн бохир ус Шаваршийн биед үүссэн олон тооны ил шархаар дамжин түүний цусанд орж бохирдуулжээ. Мөн хүйтэн усанд удаан байсны улмаас уушигны хүнд хэлбэрийн хатгаа тусч, дахиж хэзээ ч уралдааны замд гарч чадахааргүй болсон юм.
Гэхдээ тэрбээр үүрд дуурсагдах нэр алдрын эзэн билээ. Шаваршийн энэ баатарлаг үйл нэлээд хэдэн жилийн дараа сонин дээр гарч, ЗХУ даяар түүнийг шагшин магтаж, өнцөг булан бүрээс түүнд талархсан захиа илгээж, Шаварш 60 мянга орчим ийм захиа авч байв.
3
ЗХУ, ЮНЕСКО-гийн хүндэт шагналын эзэн, эгэл жирийн армян эр Шаварш өдгөө даруухан амьдардаг агаад сүүлд 2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадмаар Олимпийн бамбарыг барьсан юм.