“Эргэлт” сэтгүүл Дархан цаазат Богдхан уулын амны газрыг дамлаж зарсан газрын наймаачдыг, хувийн харш, хаус хотхон босгосон хууль завхруулагчдыг, хариуцлага тооцохгүй хамгаалж, хамтарч ирсэн эрхтэн, дархтнуудыг хөдөлшгүй баримтаар танилцуулж байна. Бид Богдхан уулын 28 амыг зүүнээс нь баруун тийш “самнаж”, тэдгээр аманд баригдсан 3.2 их наяд төгрөгийн үнэтэй, 2500 орчим хаус, харш, барилгын эздийг шүүж, хамгийн “том” эзэнтэй 40 хаус хотхон, 10 орон сууцны хотхон, 20 гаруй хувийн харшийг танилцуулахаар бэлтгэлээ. Дамаа, сүүлийн дөрвөн жил авлигачин албан тушаалтнууд, алт, нүүрснийхэн, оффшорчид, койнчид хэлэлцэж тохирсон юм шиг Богдхан уул руу хошуурцгааж, хаус, хотхонуудыг хаяа нийлүүлэн барьцгаасан байгааг онцлох нь зүйтэй байх.
Богдхан уулын Арцатын амны дээд хэсгийг Кёкүшюүзан Батбаяр УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ албан тушаалаа ашиглаж авсан байдаг. Ингэхдээ анх Арцатын амыг “Ахмадын амралт сувиллын цогцолбор барина” гэж авсан. Харамсалтай нь, хамаарал бүхий этгээдүүдтэйгээ нийлж, Арцатын амыг тансаг зэрэглэлийн хаус хотхоноор дүүргэсэн. Өдгөө УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Батбаяр, эхнэр МУГЖ Т.Баясгалангийн хамт залилан, газрын наймаа, мөнгө угаалтыг хэргүүдээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж, шүүх хурлаа хойшлуулсаар яваа.
Тухайлбал, Арцатын аманд “Өлзийт голын эх” ХХК 11.9 га газар эзэмшдэг. Тус газар дээр 68 хаус бүхий “Artsat luxury village” хотхоныг барьсан. “Өлзийт голын эх” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Батбаярын эхнэр МУГЖ Т. Баясгалан эзэмшиж байсан. Улмаар Кёкүшюүзан Батбаяр, Т.Баясгалан нар АТГ-т шалгагдаж эхэлмэгцээ “Өлзийт голын эх” ХХК-ийг Жамъяны Жагиймаад шилжүүлсэн. Гэхдээ Ж.Жагиймаа нь Кёкүшюүзан Батбаярын эхнэр МУГЖ Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын төрсөн дүү юм.
Арцатын аманд “Инкоммаш” ХХК нь 5.1 га газар эзэмшдэг. Тус газар дээр тансаг зэрэглэлийн 16 хаус бүхий “Green hill” хотхоныг барьсан. “Инкоммаш” ХХК-ийг Баярмагнайн Чинбат гэгч эзэмшдэг. Б.Чинбат нь УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Батбаяртай нэг байранд өссөн багын найз нь. Арцатын аманд “Би Эй И” ХХК 3.0 га газар авсан. Тус газар дээр 32 айлын хаус бүхий “Artsat town” хотхоныг барьсан. “Би Эй И” ХХК-ийг Нямцэрэнгийн Эрдэнэбаатар үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн. Н.Эрдэнэбаатар нь Кёкүшюүзан Батбаярыг УИХ-ын гишүүн болох үеэс туслахаар нь ажиллаж ирсэн.
Энэ мэтээр УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Батбаяр эхнэр МУГЖ Т.Баясгалангийн хамт Арцатын амны газрыг бүхэлд нь хууль бусаар авч, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан хаус хорооллоор дүүргэж, худалдаж дууссан байдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN” |
|